|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. Хүний араншин буюу муухай Монгол зан: 28
Оруулсан admin on 2007-12-08 06:53:13 (5124 уншсан)
БУДУЛАЙ БУЦАЖ ИРСЭН НЬ Яагаад ч юм бэ, бүү мэд. Миний өөрийн ганц ангий нь ч болов огт үзээгүй энэ нэгэн телевизийн олон ангит сериалын нэр сэтгэлд минь хоногшин үлдчихжээ. “Будулай буцаж ирсэн нь”... Юугаараа ч тийм содон болоод сэтгэлд минь энэ нэр ингээд хадагдан үлдчихдэг байнаа? Энэ нэрийг уншаад “Өө энэ нөхөр чинь будаач, будаач гэхэд сахлаа будав гэгчээр Орос сериал залхтал нь хөврүүлэх нь үү дээ” гэж бодов доо. Зүгээр санаа зоволтгүй. Миний компютерь эмчилгээнээс эргэж ирээд, баярласандаа хэлэх үгээ олж ядсандаа л дээрхи үг амнаас гарчихлаа. Уг нь бол ч миний РС эргэж ирлээ л гэж хэлэх гээд байгаа ухаантай. Өнгөрсөн зууны наяад оны хүүхэд, залуус Будулайг мэдэх байх л даа. ЗХУ-ын /Тухайн үеийнх нь нэрээр/ аль ч телевизийнх нь билээ дээ, гэхдээ бараг л Ленфильм буюу Ленинград, одоогын Санкт-Петрбург хотын телевизийн л цуврал байсан болов уу. Тухайн үед Зөвлөлтийн олон хотын ТВ-үүдээс “Ленфильм” голдуу ТВ-ийн цуврал кинонууд хийдэг байсан болохоор л би тэгж бодож байна л даа. “Будулай буцаж ирсэн нь” гэдэг цуврал олон ангит кино Орбитоор гардаг байсныг санаж байгаа байхаа. Гэвч би энэ нэрнээс нь цааш үнэндээ мэдэх юм ер үгүй, ямар ч үйл явдал өрнөдөг юм, ямар ч хүн юм, сайн хүн ч юм уу, муу хүн ч юм уу, бодвол сайн талын баатар л байсан байх, бүү мэд! Яагаад гэвэл би ганц ч ангийг нь үзээгүй болохоороо л тэр шүү дээ. Яагаад гэвэл би яснаасаа олон ангит сериал, савангын дуурь үзэх дургүй болохоороо л тэр. Гэхдээ бүр хүүхэд байхдаа бол ч “Нохойтой дөрвөн танкчин”, “Километр бүрт”, “Амьнаас чухал үйлс”, “Илд бамбай” гээд цувралуудыг бол үздэг л байлаа. Яагаад гэвэл дээрхи кинонуудыг сурагчдын амралтанд зориулж юм уу, аль эсвэл элдэв ханиад, томуу дэлгэрэхэд хөл хорьсон /карентин/ үед хүүхдүүдийг гэрт нь барих зорилгоор голчлон гаргадаг байсан болохоор өөр хийх ажилгүйн учраас хүссэн ч, эс хүссэн ч үздэг байсан юм. Тэгээд ч адал явдалтай, дайн байлдаантай кинонд дургүй эр хүн ч гэж хэн байх вэ дээ. Хүүхдийн үлгэрийн кино, хүүхэлдэйн киноноос одоо зөнөсөн хирнээ буцахгүй гэж байгаа. Наяад онд “Наймаалж” ид шуугиулж байлаа. Хүн болгоны амнаас “Комиссар Катаня” л гарна. “За, өнөө орой чөлөө гуйгаад өгөхгүй бол ажлаа пялчихна даа” гэж байгаад л үзнэ. Орой ээлжтэй байх үед таарвал манай ээлжийн залуус ээлжийн дарга бид хоёрт найдаж, даатгаж орхиод л орой найман цагийн үед хойшоо ажилчдын байр луу гүйчихнэ. Тухайн үед би жинхэлж ч амжаагүй дөнгөж л туслах машинч байсан үед юмсан. Нэг орой бас л нөгөөх л гайтай Катаня манай хэдийг, манай хэдийг ч гэж бас бусад цехүүдийн хэдийг ч уруу татан алга болж, мөн л арыг нь ганц, хоёр хүн дааж үлдэн, энэ удаа ээлжийн дарга биш ээлжийн ахлагчтай хоёулаа арыг нь дааж үлдсэн үед гэнэт бүх тоноглолын тохиргоо алдагдан сандаргаж ахлагч бид хоёр дээш, доош зөрөлдөн гүйлдэн тохируулах гэсээр бардаггүй ДИС /Станцын жижүүрийн инжнер/ ч сандран гүйж ирэн гурвуулаа ноцолдоод бардаггүй аргагүйн эрхэнд станц 00 /нойл/ зогслоо. Залуу шинэковоороо би ажилчдын байр луу чавхдаж ДИС дээшээ 00-ын мэдээ өгөхөөр сандарч ээлжийн ахлагч доголдлын шалтгааныг тогтоохоор эргэж орон үлдлээ... Аз болоход манайхан өөдөөс санд, мэнд харайлгаж явсанд хамтдаа эргэж яаравчлан орж иртэл аль хэдийн станцын удирдлагууд болон ТЭХС /Төвийн Эрчим Хүчний Систем/ -ны дарга нар ч ирчэхсэн бөөн юм болж байлаа. ...Аргагүйн эрхэнд станц 00 зогслоо... Аргагүйн эрхэнд биш, Катаняг үзсэнийх л байхгүй юу!!! Зогсоохгүй байх арга байсан уу? Байсан! Хотыг харанхуй болгохгүй арга байсан уу? Байсан! Тэгээд яагаад??? Яагаад гэвэл новшын сериалаас, хамт олон гэж бие, биендээ хэтэрхий найдлаг тавьдагаас, ажлын хариуцлага сахилга бат сулаас л энэ бүхэн болсон. Ядаж л аваарийн тэрэгний жолооч бас л тэргээ унан Катанядаад явчихсан учраас амжиж тусламж дуудаж, авчирч чадаагүй. Тэр үед ямар одоогынхтой адил гар утас гэж байсан ч биш. Ингээд л манай ээлжийнхэн бүгдээрээ бангадуулж шагналт цалинтайгаа тооцоо хийлгэн ээлжийн дарга нар 3 сар нэг зэрэг бууж цалинжихаар болж үлдсэн юм. Бүгд өөр, өөрийн ажлынхаа байранд байж байсан бол хаанаас ийм юм болох вэ дээ. Станц доголдох ч үгүй л байлаа. Энэ бол ердөө л олон ангитаас болсон ганцхан жишээ. Тэр үед надад бас нэгэн хөгжилтэй явдал тохиолдсон юм. Яасан гэхээр Октябрийн баяраар ээлжтэй таарчихаад ажил дээр байж байтал бас л станц доголдсонд ДИС шинэковыг засварчин дуудуулхаар зарлаа. Аварийн тэрэг өөр тийшээ бас л хүн авчрахаар явсан болохоор станцын байранд байдаг засварчныг надаар дуудуулсан хэрэг л дээ. Баяр, амралтын өмнө хэрэгцээ тохиолдвол хэн, хэн бэлэн байхыг урьдчилаад тохирчихсон байдаг байсан юм. Би чавхдсаар заасан хаалгыг тогшин “Хэн гуайг станц дээр дуудаж байна, доголдоод байна” гэтэл авгай нь бололтой ахимагхан авгай “Байхгүй ээ, хүүхээ. Түрүүхэн бригадынхантайгаа гараад явсан” гэхэд нь гайхшран “Гэртээ заавал байх ёстой гэсэн шүү дээ” гэхэд “Байхгүй гээд байхад чинь!” хэмээн ширүүхэн хэлээд хаалгаа хаачхав. Эргээд иртэл цехийн дарга ирчихсэн, ДИС тэр хоёр надруу давшиллаа. Учир нь би байхгүй гэнгүүт нь гэрт нь дайрч ороод хүн нуугдчихаар нүх сүв болгонд хайж нуугдаж тоглож байгаад олж ирэх ёстой байсан гэхэд гайхахын туйл болов. Гэвч энэ нь тэр үед байдаг л жирийн үзэгдэл байсан юмсанж. За ингээд ярьж байсан сэдвээсээ хазайдаг өвчин маань хөдлөөд уншигч таныгаа хөтөлж жаал эргүүтэв, өршөөгөөрэй! Энэ олон ангит кино гээч юмыг бодохоос л нэг ясны дургүй хүрээд байдаг юм. Гарч байгаа үйл явдал гэж юм бараг байхгүй хэдхэн хүний тулга тойрсон хэрүүл л гараад байх шиг надад санагддаг юм. Тэр үхэн хатан, ажил төрлөө алдан, алдан цаг заваа баран , баран үздэг хүмүүст бол гоёл байх л даа. Миний хувьд хүн гээч амьтаны амьдрах хомсхон хугацаанаас, чухамдаа бол сурч мэдэх, хийж бүтээх хомсхон цагаас нь хичнээн хорлонтойгоор хороож байгааг бодохоос дур гутмаар. Жишээ нь тэр Венесуэлийн “Халтар царайт” гэж нэг нөхөр Монголчуудыг жил дамнан зогсолтын байдалд оруулж билээ. Тэр чинь 1993-1994 оны үед шиг санагдана. Кино гарах тэр үеээр Улаанбаатарын гудамжинд ганц ч хүн байхгүй, Автобус, тролейбуснууд зам дээр эзгүй жагсаастай… Ганц нийслэлд ч биш хөдөө орон нутагт ч мөн адил. Зуны сар гарсан тэр үед хонины ноос овоо гүйлгэйтэй, унацтай наймаа байлаа. Бид ч хөдөө дайлаар морддог баатрууд болон мөнгө юугаан базааж аван Батсүмбэрээд гарч өглөө. Хөлсөлсөн өвгөн жолооч “За энэ гүвээ даваад гол байгаа. Голын хоёр талаар ч айлууд харин ч нэг ярайж байгаа даа” гэсээр давтал хөндийн дунд хирд л гуравхан айл байлаа. Очоод мэнд усаа мэдэлцэн, хэрэг зорилгоо ярилцах зуур өвгөн жолооч маань бидэнд худлаа ярьсан хүн болохвий гэж санаа нь зовсон байдалтай нутгийн өвгөнөөс “Үгүй ээ, урьд чинь өдийд энэ голын хоёр талаар айлууд багтаж ядан зусландаа буусан байдагсан, энэ жил яагаа вэ?” гэж асуухад нутгийн хасаг буурай “Караал идсэн Калтар чарайт үзэхгээд суманд чигдчихсээн” гэж билээ. Тэгээд танайхан үздэггүй юм уу гэсэн сониучхан асуултанд “Одоо ингэсхийгээд “Tiana” зурагт, “Honda” мотороо морин тэргэнд ачаад энэ арын даваан дээр гарна даа” гэж байж билээ. Үнэхээр мань хасаг өвгөний хэлснээр “Хараал идсэн Халтар царайт”-аас болж бүхэл, бүтэн улс орноороо хичнээн ихийг алдсан бол оо? Зөвхөн тэр Батсүмбэрийн айлууд л гэхэд бүгд халуун зунаар сумын төвдөө шигдэн хар цай голруу гаа шургуулж суусан гээд бодохоор л … Тэр зохиолоор нь хэрвээ Holliwod- ынхан кино хийвэл ердөө л ганцхан ангид багтаагаад үйл явдлыг нүдний өмнүүр жирэлзүүлээд л өнгрөх байсан байх л даа. Гэвч Holliwod- ынхан тийм нэг муу усан зохиолоор кинорхуу юм хийж нэрээ баасдахгүй л дээ. “Халтар царайт” –аас манайханд юу үлдэв? Ганц Нохой –Замура гэдэг нэр нэг хэсэг найркаг өргөмжилж, хуучин нэгээхэн үед “эмээ тор” гэж нэрлэдэг байсан томхон гар хийцний хүнсний мяндсан уутыг л “Замура тор” гэх болон, дээгүүр УИХ- д суудлын бөглөө болон чимээгүй суудаг Баагийнуудыг “Хэлгүй Короля” гэж өргөмжөлснөөс өөр юу ч өгөөгүй шүү дээ. Тэр цагаас хойш Солонгосын сериалууд манай хэдэн ТВ-үүдийг ээлжлэн бузарласаар, манайхан ч хийж бүтээх алтан цагаа түүний өмнө үр бүтээлгүй өнгөрөөсөөр л… Савангын дуурийн нэг заваан арга нь авгай хүүхнүүдийн сониучхан занг л ашигласан байдаг даа л байгаа юм. Ямар ч үйл явдалгүй шахуу бүтэн анги өрнөчихөөд /Би ӨРНӨЧИХӨӨД гээд аваад хаялаа. Яс юман дээрээ ямар ч өрнөл үйл явдалгүй/ нэг тийм эгзэгтэй үед нь тэр анги нь дуусч орхино. Нөгөө сериалд нугасгүй үзэгчид нь маргааш нөгөө үйл явдынх нь үргэлжлэлийг үзэхээр хүлээгээстэй… Би ямар нэгэн сониноос уншлуу, хэн нэгнийх нь ярихыг сонслуу. Энэ сериалууд голдуу эцгийн эрхт ёс ноёлсон Солонгос мэтийн улсуудаас гаралтай. Нөхрүүд нь ажил хийдэг, эхнэрүүд нь гэртээ хүүхдээ хараад, нөхрөө бөөцийлөөд сууж байх ёстой учраас баян эзэд эхнэрүүдээ гэрт нь барьж байхын үүднээс иймэрхүү олон ангит сериалуудыг захиалгаар хийлгэдэг гэж, энэ нь ч үнэн байх магадлалтай л юм. Гэвч хүн, хүний сонирхол өөрийн учир өгөөжгүй сериалаа үзэх нь үзээд л сууж байхаас биш. Миний хувьд бол эр бие гүйцэж, ухаан сууж эхэлсэн тэр л үеээс тулж үзсэн хамгийн олон ангит кино гэвэл оросын “Торгуулийн суман” л байх шив дээ. Тэгээд цаашилбал “Мандухай цэцэн хатан”, “Тунгалаг тамир” зэрэг байх шив дээ. Тэр дундаа “Тунгалаг тамир”-ыг цээжээр мэддэг хирнээ хэдэн удаа ч үзсэн уйддаггүй, нэг л тийм сэтгэлд дотнохон байдаг юм. За ингээд эргэж, тойрч тэнүүчилж явсаар эргээд л эхэлсэн тэр нэгэн цэг “Будулай буцаж ирсэн нь” дээрээ хүрээд ирлээ. Миний Будулай /РС/ -г эргүүлж авчирч өгсөн зүс үл таних нетийн анд Энхбат /Япон, Саятама хот/ -д баярлалаа л гэж хэлэх гээд сэтгэлд дотно нэг гоё үг хэлье гээд эхэлсэн чинь энэ бүхнийг эвлүүлж орхилоо. Хэд хоног ганц хань минь, Будулай минь байгаагүй болохоор их л санасан юм байхдаа, золиг чинь. Урдаас нь босмооргүй, холдмооргүй санагдан суусаар бичиж орхилоо гэж… Тиймээ, нетийн анд Энхбатдаа баярлалаа, бас дахин баярлалаа! Ингээд миний Будулай буцаад ирлээ дээ… С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-12-06
(
Сэтгэгдэл бичих? |
Өгүүллэг |
Оноо: 4/1 |
Өгүүллэг )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
 |
Агуулга |
 |
|
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|