Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Н. Банзрагч : Энгэрийн гурван хайлаас
Оруулсан admin on 2007-05-05 02:36:24 (4767 уншсан)

Уужимхан урт хөндийн эхэн тушаа , хадтай өндөр толгойн энгэрт гурван өвгөн хайлаас холоос сүр бараатай харагдана. Хайлаасны ногоон навчис нь дөрвөн зүгтээ шүхэрлэн тэлж зэлүүд хээрийн салхины аясаар сэржигнэн шуугих нь улирч одсон он жилүүдээ тоолж, болж өнгөрсөн үйл явдлаа хүүрнэн өгүүлэх мэт . Хав ойр ой модгүй тал хөндийд гурван лүглэгэр хайлаас хэдийд ургасныг хэн ч үл мэдэх бөгөөд олон жилийн турш ширүүн бороо цасан шуурганд савчин ганхаж урт үндсээ газрын гүн руу бат шигтгэн улам улам бүдүүрэн ургаж өдий хүрчээ.
Нутгийнхан дээр үеэс гурван хайлаасыг лус савдагтай онгон догшин гэж шүтэж , навч нахианд нь ч гар үл хүрэх учир ганц ширхэг навч хүний гараар тасран салсангүй . Намар намарт алтан шаргал навчаа гөвөх учир орчны газар нь шаргал өнгөтэй хөвсгөр болжээ. Хайлаасны мөчир болгонд талын болжмор үй олноор цуглаж цаг ямагт шулганан жиргэнэ .
Гурван хайлаасны яг өлмий доороос нь маш тунгалаг устай гурван булаг ундран гарч саахалт хиртэй урсаад гурвуулаа нийлж зэгсэн элбэг устай горхи болон жирэлзэн урссаар хөндийн адагт буй элсэнд шурган шингэнэ. Урсгал ус ой модгүй говь талд хүний хүслээр бий болсон юм шиг үзэсгэлэн төгөлдөр хайлаас цэнгэг устай булгийг байгаль заяажээ . Хүйтэн тунгалаг ус нь жирийн ч биш гэдэс дотрын өвчнийг анагаах чадалтай рашаан болохыг мөн л олон жилийн тэртээгээс мэдэж хавь ойрынхон нь шидэт рашаанаас хүртэж өвчин эмгэгээ анагаасаар ирсэн бөлгөө . Хөндий дундуур жирэлзэн урсах горхи ямар ч гантай жил хатаж ширгэж байсангүй. Газрын хөрс нь шимтэй ус чийгтэй болохоор өвс ногоо ч өтгөн сахлаг ургана. Зун намрын дэлгэр цагт Гурванбулагийн хөндий гэж нэршсэн энэ сайхан нутаг ёстой л хүн малын жаргалын орон болдог байв .Горхины хоёр хөвөөгөөр ойр ойрхон олон хот айл бууж хөндий дүүрэн мал багширна . Нутгийн айлууд булгийн эхээс нэлээд доогуур зусна. Тэд булгийн эхийг догшин гэхээс гадна түүний ундаргыг бохирдуулалгүй цэвэр байлгах , тал нутгийн чимэг болсон гурван хайлаасаа гэмтээхгүй гэсэн сайхан сэтгэл өвөрлөн олон үеийг өнгөрөөжээ .
Намрын хонгор салхи сэв сэв үлээж газар дэлхий шаргалтан гандах үес хайлаасны навчис алтан шаргал болж улам ч сүртэй сайхан болно .

Энгэрийн гурван хайлаас
Эрдэнээс илүү гялалзана
Энгийн хүн байтлаа
Ээжээс илүү санагдана .
гэж энэ нутгийнхан дуулах дуртай . Магадгүй нутгийн авьяас билэгт ард түмэн эрдэнийн өнгөөр алтран гялалзах хайлаасаа магтаж энэ дууг зохиосон бизээ.
Хөндийхөн өвсний сөл тасарч анхны хяруу унахад говийн дулаан өвөлжөө өөдөө нүүцгээдэг бөгөөд хавар ногоо цухуйхтай зэрэг л мөн аянчин шувууд шиг буцан нүүж ирнэ. Өнгөрсөн зун намар идэж бараагүй сахлаг борог дотроос нялх ногоо алаглан цухуйх үес хөндийд ирсэн мал сүрэг тодхон тэвээрч дэлгэр зунтай золгоно . Энэ хөндийд нэгдлийн хонины гол сууриуд зусах бөгөөд өвөл эзэнгүй болно. Цас ихтэй хатуухан өвөл болбол нэгдлийн адуун сүрэг оторлон ирдэг юм. Сүүлийн хоёр гурван жил хөндийн эх орчмоос хадлан хадах болжээ. Ноднингоос энэ хөндийд малын тэжээлийн ургамал тарьж хадлангийн талбай болгоно. Айл амьтан нутаглуулахгүй хамгаалж тордоно гэсэн яриа гарсан боловч чимээгүй болжээ. Харин булгийн эхний хадан хясааг нурааж зам засах гэнэ гэсэн цуу үг гарсан нь нутгийнхныг зэгсэн түгшээжээ. Гурван хайлаасны архан талаар хадан хясааны ёроолоор эртний балархан жим байжээ. Арав гаруй жилийн тэртээ хөндийн зүүн урд биед сум нэгдлийн төв суурьшсанаас хойш тэрхүү балархай жим нь аймаг сумын төвийг холбосон гол зам болжээ. Гэвч хясааны энгэрээр том том үхэр чулуутай хадан хясаа түрж орсон тул машин явахад нэн бэрхтэй. Хааяа нэг нутгийн сайн жолооч л үхэр чулуун дундуур сүлжиж булгийн эхний эрэг рүү уначих дөхөн явдаг байлаа. Толгойн араар шинэ зам гарсан боловч гуу жалга олонтой өвөл бол цас боож зун шавар шалбааг ихтэйн гадна уг зам нь хөндийн баруун биеэр дугуйран тойрч хөндийн адагт очоод зүүн хойшоо эргэх тул сумын төвөөс лав хоёр гурван өртөө хол тойруу болгоно. Хөндий дундуур огтлон гарья гэхэд намаг шавар их , гүүр байхгүй тул жолооч нар зүрхлэдэггүй ажээ. Хадагт толгойн зүүн биеэр бол овон товон хад чулуу арвин, бартаатай болохоор машин зүглэх арга байхгүй . Хамгийн ойр дөт зам бол урагшаа түрж орсон хадан хясааг нурааж зам засах нь ашигтай болохыг аймаг сумын удирдлага мэдэж байсан боловч зам засахаар хөрөнгө гаргаж зүрхлээгүй л байв. Тэгтэл сумын төвийн ойролцоо чулуун нүүрсний уурхай нээгдэж ашиглаж эхэлсэн тул тойруу замаар өдөр, шөнө, өвө,л зунгүй машин дүнгэнэн явах болжээ . Ингээд үржил шимтэй энэ хөндий нэг бол хадлан тариалан тарьж айл амьтан нутаглахгүй болох, үгүй бол хясааг нурааж зам засах их ажил эхлэх болж хөндийд идээшиж дассан олон айл баахан түгшиж байлаа .
Хөндий дүүрэн ногооны хөөнгө суунаглан цэнхэртсэн хаврын сүүл сарын нэгэн дулаахан сайхан өдөр алс говьд өвөлжсөн айлуудын түрүүч хөндийд зусахаар ирлээ .
Өвгөн Дамбий олон жилийн турш зуссан тунгалаг горхины зүүн хөвөөнд гэрээ барих зуур ийш тийш харвал тэднийхээс өөр айл нүүж ирээгүй юм шиг байв . « Энэ жил манайх хамгийн түрүүн ирээ шив дээ . Энд бууж болохгүй гэж нэгдлээс хэл сураг ирээгүй болохоор энэ жилдээ л лав тариа ногоо тарихгүй нь шиг байна » гэж бодлоо. Гэрээ барьж цай чанаж уучихаад хонио Гурванбулагийн эх өөд аажуухан туув. Хөндийн өвс урьдын адил өтгөн сахлаг бөгөөд борог дундаас энд тэндгүй шинэ ногоо цухуйсан үзэгдэнэ. Дамбий хонио туусаар гурван хайлаасанд нэлээд дөхлөө. Хөндийн эх өөд өвс нь бүр ч өндөр сахлаг байдгийг малчин өвгөн сайн мэдэх тул бусад айл нүүж ирэхээс хэд хоногийн өмнө ч гэсэн өвлийн тарчиг цагт зүдэн ядан онд орсон хоньдоо цатгах гэж ийнхүү өвсний соргог усны тунгалгийг сонгон яваа ажээ. Хонь ч борог өвс шинэ ногоо холилдсон нэгэн нугад ороод сайхан тогтлоо. Дамбий мориноос бууж юуны өмнө гурван хайлаас өөд дурандлаа. Хайлаас ид навчилж байгаа бололтой мөчир гишүү нь хар ногоон өнгөтэй болжээ. Хайлаасны ард машин тэрэг, хүмүүс нааш цааш явж байгаа харагдахаар аян замын улс юм болов уу гэж бодоод хараад байсан чинь машинаас юм буулгаж төдөлгүй том хөх майхан босгож эхлэхээр нь зам засахаар ирсэн хүмүүс байх нь гэж гэнэт бодоод зүрх нь лүг лүг цохилон мориндоо мордон тийшээ шогшуулав. Хашин морио давчин шогшсоор булгийн тархиар тойрон гарч очвол хоёр гурван машин, бас трактор ч харагдав . Нэлээд олон хүн ачаа бараагаа буулгаж зарим нь бас нэг майхан босгох гэж байв. Нутгийнхны хэн нь ч хавьтдаггүй булгийн эхний ундаргаас хоёр хүн том саванд ус хийж байгааг хараад « Хай дамшгууд булгийн эх рүү бохир сав дүрж бузар оруулчихлаа» гэж амандаа үглэн ус авч байгаа хоёр хүний дэргэд очоод амар мэндээ ч асуулцсангүй .

--- Та нар чинь яаж байгаа нь энэ вэ ? Бохир саваа булгийн эх рүү дүрээд гэж чангахан хэлбэл тонгойгоод ус утгаж байсан залуу эргэж харснаа
--- Юу гэнээ өвгөн гуай гэв .
--- Эндээс ус авч болохгүй .
--- Яагаад ?
--- Наадах чинь рашаан булгийн эх ундарга . Манай нутгийнхан тээр дор харагдаж байгаа чулуун овооны тэндээс ус авдаг юм гэж өвгөн гараараа заав . Хоёр залуу ер тоосон шинжгүй .
--- Бид хаанаас ус авахаа мэднээ гэвэл Дамбийн зэвүү хүрч :
--- Монголоо алдсан дамшгууд . Булгийн эхэнд бохир юм оруулж болохгүй гэж дуулаагүй юу ? гэвэл
--- Бидний энэ шанага хөдөөний та нарын халтар шанагатай адилгүй цэвэрхэн юм. Харин та бүхэн сав суулгаа сайн угааж байж энэ рашаанаас авч байгаарай . Хэд хоноод энэ хадан хясааг нураахаар рашаан чинь улам цэвэр тунгалаг болно доо гэж өндөр залуу тавлах мэт хэлэхэд Дамбийн бие зарсхийж дэмий л шогшров . Хоёр залуу саваа дүүргэж аваад майхан өөдөө дамжлан явахад нь Дамбий даган явж байснаа
--- Та нар энд зам засахаар ирээ юу ? гэлээ .
--- Тиймээ зам засна. Явах замын саад, улсын хөгжлийн тээг болсон энэ хадан хясааг агаарт хийсгэж зайлуулна гэлээ. Өвгөн гарцаагүй болсон энэ явдалд балмагдан дахин ч юм асуусангүй. Замынхан өвгөнийг сонирхсон янзтай харна. Тэгтэл хэдэн хүн газар ухаж эхлэв. Дамбий тэсэж чадсангүй
--- Бид олон үеийн турш энэ хавийн газар орныг хөндөж үзээгүй өдий хүрсэн юмсан. Та нар ч шийдсэн улс юмаа гэвэл махлаг залуу , хүнд төмөр царил далайн газар тас хийтэл цохиод
--- Өвгөн гуай лус савдагтай газар уу ? гэв .
--- Лус савдаг ч юу байх вэ . Элэнц хуланцаасаа л хайрлан шүтэж ирсэн газар орон шүү дээ гэж өвгөн хэлбэл
--- Газар оронд сохроор биширч шүтэж байдаг шашны л хор гай шүү дээ. Энэ шашин ард түмний тархинд мөн ч гүнзгий шингэсэн юм шүү. Одоо болтол бурхан шашиндаа хайртай хүн байгаа нь мөн тоогүй хэрэг гэж тарган залуу хэлбэл Дамбий сэртхийж бурхан шашин шүтдэг гэж ороогдох бий гэж айгаад дэмий л санаа алдав .
--- Та айж сандрах хэрэггүй . Тэр догшин сүрхий газрыг бид номхтгоод өгнөө гэж бас нэг залуу хэлээд газар тун тан хийтэл нүдэхэд хайлаасанд үүрлэж байсан олон шувууд сандралдан нислээ. Өвгөн тэр шувуудыг харж « Хөөрхий энэ амьтад олон жилийн турш ажин түжин амьдрахдаа ийм түгшүүр ер үзээгүй юмсан »гэж бодлоо .
Дамбий өвгөн маргааш өглөө нь зам засахаар ирсэн хүмүүсийн даргатай нь уулзаж өөр газраар зам засаж болдоггүй юм болов уу гэж бодож санаж явдгаа хэлэх санаатай ирлээ. Өчигдөр нүх ухаж байсан хүмүүс газар ухаж хийсэн зуухандаа гал түлж хоол цайгаа хийж байгаа бололтой байв . Хэдэн хүн булгийн эхэнд хувцас хунараа угааж байгаа харагдахаар өвгөний дотор харанхуйлан зүрх нь пал хийж, өөрийн мэдэлгүй морио ороолгон тэдэн дээр давхин ирж
--- Эрээ цээрээ алдсан зулбасгууд эндээс зайлцгаа гэж байдаг тэнхээгээрээ хашгирав . Юм угааж байсан хүмүүс толгой өндийн гайхан харлаа .
--- Наадах чинь рашаан гэж та нарт хэлээгүй билүү? Та нар даанч яав ? Ариун булаг минь бузартаж одоохон ширгэж алга болно гэж өвгөн мөн л хашхирав .
--- Та эндэхийн лус савдаг нь арай биш биз дээ гэж нэг залуу өвгөнөөр даапаалав. Дамбий тэр доогтой залууг ташуураар ороолгож
--- Яана гэнээ. Настай хүнээр тоглож байхдаа ичихгүй байна уу? Чи над шиг эцэгтэй байх гээд дахин ороолгох гэтэл өнөө залуу навтасхийн зайлж бусад нь үймэн шуугилдав .
--- Юу болоод байнаа ? гэх захирангуй дуу гарахаар Дамбий эргэн харвал гозгор цагаан залуу гайхсан янзтай харж байв .
--- Инженерээ энэ өвгөн өчигдрөөс хойш биднийг омогдож байгаа юм . Сая намайг ташуурдаж байхгүй юу гэж хальт цохиулсан залуу гомдол мэдүүлэв. Инженер залуу инээмсэглэн ойртож ирснээ
--- Дамбий гуай та амархан сайн байна уу? гэж мэндлэв . Дамбий нгдээ арчин дахин дахин харснаа
--- Yгүй энэ чинь ... Балдангийн хүү юү дээ гэснээ мориноосоо шалавхан бууж инженер залууд ойртоход үймж байсан улс гайхан харцгаалаа. Дамбий инженер залуутай золгож хацрыг нь үнэрлэн үнсээд
--- За Чулуун хүү хэзээ ирээ вэ ? гэлээ .
--- Би өчигдөр орой ирсэн. Танайх хөндийд нүүж ирээ юу?
--- Тиймээ хүүхээ
--- Манайх хаана байгаа вэ ?
--- Өнөө маргаашгүй л нүүж ирнэ .
--- Таны бие тэнхээ сайн биз дээ Танайхан бүгд сайн уу ?
--- Сайн сайн . Хүү минь чи Гурванбулагийнхаа хясааг нурааж зам засах гэж ирээ юу ?
--- Тиймээ , Дамбий гуай .
Дамбий нутаг усны нэг дорын хүүтэй уулзсандаа нэг талаар баярлаж нөгөө талаар гомдож байлаа. Чулууны эцэг Балдан, Дамбий хоёр нэг хонхорт төрж хар багаас үерхэн өссөн бөгөөд дандаа айл саахалт явдаг байлаа. Балдангийн дунд хүү хотод дээд сургуульд суралцаад инженер болсон юм гэсэн яриа хоёр жилийн өмнөөс дуулдаж байжээ. Чулуун дээд сургуульд байхдаа жил бүр зуныхаа амралтаар ирдэг байсан, харин сургуулиа төгсөөд ажил алба нь болж өгөлгүй хоёр жил гэртээ ирээгүйг Дамбий сайн мэдэж байв. Дамбий нэг дорын хүүхэдтэй уулзаад баярласны учир бол үүнийг зад загнаж байгаад өөр газар зам засуулна гэж бодсоных. Хэрэв тэр нь бүтэхгүй бол гомдох байлаа. Тэгээд санаж бодсоноо хүн амьтнаас далдлан ярих нь зүй гэж бодоод
--- Хүүхээ хоёулаа уулзья гэв .
Чулуун инженер өвгөнийг дагуулан нөхдөөсөө холдлоо. Тэр хоёр , гурван хайлаасны баруунтай очиж суув. Дамбий түрийнээсээ богинохон цагаан соруултай гаанс гаргаж тамхи нэрж асааснаа
--- Хүү минь чи төрсөн газар орноо эвдэж нураах гэж ирээ юу? гэвэл Чулуун инээмсэглэн
--- Эвдэх ч юу байх вэ . Зам засах гэж байна гэлээ .
--- Энэ хясааг нурааж болохгүй л юмсан. Бид өвөг дээдсийн үеэс энэ сайхан булаг шанд , хайлаас , хадан хясааг шүтэн биширч өдий хүрэхдээ ширхэг чулууг нь ч хөндөж үзээгүй юм шүү гэж гомдонгуй өгүүлэв. Чулуун ч гэсэн мэдээ орсон цагаасаа эхлэн тал нутгийнхаа гоо үзэсгэлэн болсон булгийн хөвөөнд бишгүйдээ л тоглож явахдаа аав ээжийнхээ үгэнд орж хайлаасанд үүрлэсэн олон шувуудыг ч үргээж байсангүй , навч нахиаг нь ч тасалж үзээгүй юм .Энэ нутгийнхан булгийн эх гурван хайлаасыг догшин онгон гээд хавьтахгүй бөгөөд хэрэв чулуу шороог нь хөндөж цэцэг навчий нь тасалбал лусын хорлол болно . Бас рашаан булаг нь хатаж ширгэнэ гэж дээр үеэс сүсэглэн ирсэн билээ. Тийм үзэл бодол хатуу баримтлах нутгийн нэр хүндтэй настай хүнийг гомдоохгүйг хичээн аль болох эвтэйхнээр аргалахыг бодсон инженер залуу юу гэж хэлье хэмээн бодож байгаад
--- Дамбий гуай ... Улс орны хөгжлийн шаардлагын дагуу газар орноо өөрчлөн сайжруулж ашиглах нь ... гээд учирлах гэтэл өвгөн үгийг нь таслан
--- Тэр ч тэгэлгүй яах вэ. Гэхдээ заавал хясааг нурааж зам засахын оронд өөр газраар засаж болохгүй гэж үү дээ. Алтан дэлхий алгын чинээн биш гэв .
--- Аймаг сумын хооронд үүнээс өөр дөт зам байхгүйг та мэднэ. Хөндийн баруун талаар явдаг зам чинь ... гээд тайлбарлах гэтэл Дамбий бас үгийг нь таслан
--- Хясааны зүүн сугаар хөндийн зүүн биеэр зам засаж болохгүй гэж үү? гэв.
---Түүнийг чинь бодож үзсэн юмаа. Түүгээр зам засна гэхэд бартаа ихтэй .
--- Бартаа саадаас айх гэж үү? Ийм мундаг машин трактортой улс чинь тэр том том үхэр чулуу, сондуул довонг дор нь хамж түрээд зайлуулдаг юм биш үү?
---Нарийн учир бий. Тэнд зам засахад наад зах нь хагас өртөө хирийн газрыг янзлах болохоор хөрөнгө мөнгө их орно. Харин хясааг бол жараадхан метр газар нураачихвал болох нь тэр.
---Хясааг нураатал энэ рашаан маань хатаж ширгэнэ шүү дээ.
---Хаанаас даа. Та дэмий юманд санаа зовж байх юм.
Өвгөн дуугарсангүй бодол болон тамхиа баагиулж сууснаа гаансаа чулуун дээр тогшиж үнсийг нь унагааж түрийлээд
---Бид мэтийн мунхаг өвгөчүүл бол орчлон дэлхийг бурхан бүтээсэн, түүнийг хэн ч өөрчилж болохгүй гэж боддог. Харин эрдэм номтой та нар бол байгаль
өөрөө бүтээсэн гэдэг шүү дээ. За бурхан ч бүтээсэн бай, байгаль нь ч бүтээсэн ялгаа алга. Нэгэнт л бүрэлдэж тогтсон газар орныг эвдэж сүйтгэж орхиод дахин бүтээж чадахгүй. Чи богино бодолтой байна. Энэ булгийг хайлаасны ёроолоос ундарч байна гэж санадаг бизээ.Тэр тийм биш . Жинхэнэ ундарга нь хадан хясааны дор байгаа юм . Газрын зөөлнийг дагаж хайлаасны хөлөөр ил гарч байгаа юм. Ерөөс төрсөн нутаг усаа хайрлаж хамгаалж байдаг манай ардын заншил бол ганцхан уул усны лус савдгаас айж болгоомжилсон юм биш шүү. Чи хар л даа. Тэр зүггүй хүүхдүүд булгийн эхэнд хиртэй хувцсаа угааж байна. Дуртай дуртай газар бие засаж бохирлож байна .Энэ хөндийгөөр дүүрэн хүн мал олон жилийн турш амьдарч ирснийг чи мэднэ . Тэд одоо та нарын хир зунгаг шингэсэн усыг уух болж байна шүү дээ. Монгол хүн булаг шандын усыг цэвэр тунгалаг байлгах гэж хэзээнээс эрхэмлэж ирсэн түүхтэй юм. Урсгал усгүй энэ нутагт ус гэдэг чандмань эрдэнээс ч үнэтэй. Энэ булаг горхи ширгэж орхивол бид яах болж байна ? Хатаж үхэх хэрэг үү? Энэ хайлаас , энэ булаг шанд чинь амьтай эд. Та нар амьд байгаль гэдэг биз дээ . Амийг нь тасалбал үхнэ биз дээ . Хүү минь чи эрдэм номтой хүн сайн тунгааж бодоорой гэжээ. Чулуун түүний ярихыг чих тавин чагнаж суухдаа хөдөөний жирийн нэгэн малчин өвгөнөөс ийм ухаантай үг сонсоно гэж үнэндээ бодоогүй байсан юм . Дамбий өвгөн аав шиг нь хэзээний малын хойноос хөөцөлдсөн бичиг үсэг ч тааруухан мэддэг, үг яриа ч цөөн томоотой төлөв хүн болохыг Чулуун мэдэх боловч амьдралын нарийн ухаан, бодож цэгнэх талаар хэнийг ч дагуулахгүй хэрсүү гүнзгий бодолтой болохыг сая л мэдэв . Тэгээд хариулан хэлэх ч үг олдсонгүй . Тэр хоёр хэсэг зуур бие биеэ харан дуугуй сууцгаав .
--- Чи тэгээд яая гэж бодож байна гэж өвгөн асуув . Чулуун өвгөнийг зүрхшингүй харснаа
--- Дамбий гуай минь би ингэж шийдсэн юм биш шүү дээ . Энэ зүгийн мэргэжлийн улс газар орныг нь шинжилж зураг төслийг нь гаргасан юм. Түүнийг өөрчлөх эрх мэдэл надад алга даа гэвэл Дамбий санаа алдаж
--- Тийм нь ч тийм л дээ . Чи ганцаар хаанаас шийдэв гэж. Гэхдээ тэр зураг төслийг нь зохиохдоо миний түрүүний хэлсэн зүүн талаар зам засна гэж зүтгэсэн бол ч учир байх байсан даа гэлээ .
--- Тэр тухай яриад дийлээгүй юмаа . Түүгээр зам тавихад хясааг нурааснаас арав дахин их зардал орно гээд зөвшөөрөөгүй юм гэж Чулуун хэлэв. Дамбий дуугарсангүй , сүүмийсэн нүдээр харж байснаа аажуухан босож мориндоо мордоод
--- За тийм байдаг байжээ . Хүү минь төрсөн үүрээ нурааж эвддэг ангаахай хэзээ ч байгаагүй юм шүү гэчхээд морио давиран бөг бөг шогшлоо. « Төрсөн үүрээ нурааж эвддэг ангаахай хэзээ ч байдаггүй юм гэнэ үү? Энэ чинь юу гэсэн үг вэ? Нээрэн би чинь энэ нутагт төрсөн өчүүхэн муу ангаахай нь шүү дээ. Ангаахай үүрээ орхиод нисдэг болохоос биш түүнийгээ эвддэггүй билээ. Би төрж бойжсон үүрээ эвдэх гэж үү? » гэхээс түүний зүрх гэнэт хүчтэй дэлсэж чимчигнэн өвдөх шиг боллоо .
Гүн шөнө болов. Нөхөд нь унтаж чимээ шуугиан намдлаа. Чулууны нойр мөд хүрэх шинжгүй сэрвэлзэн дэмий л нааш цааш хөрвөөнө . Түүний санаанд «Төрсөн үүрээ эвддэг ангаахай» гэсэн зэвүүн үг байн байн орж шаналгана . «Манай нутгийнхан Балдангийн онгироо хүү л төрсөн үүрээ эвдэж нутаг усаа бузарлав гэнэ дээ. Дамбий гуай яасан ухаантай хүн бэ ? Хөдөөний өвгөд чинь гаднаас нь харахад юу ч мэдэхгүй, бүдүүлэг хачин юм шиг байдаг нь зөвхөн гаднах өнгө байх нь . Манай нутгийн буурлууд их ухаантай , амьдралын агуу их туршлагатай юм байна . Тэд нутаг усандаа хайртай болоод л түүнд гар хүрдэггүй байжээ. Харин үүнийг нь шашин овжин ашиглаж лус савдагтай гэж айлган сүрдүүлж мунхруулж байсан хэрэг . Одоо дэлхий дахинаараа байгаль хамгаалах гэж бөөн шуугиан болж байна . Манай нутаг харин төдий л хүний гар хүрээгүй юм шүү. Булгийн ундарга нь үнэхээр хясаан дор байдаг бол хясааг нураахад ундарга нь дарагдаж ширгэнэ . Тэгвэл ч энэ сайхан уужим хөндий амьдралгүй болно гэсэн үг. Манай суманд үүн шиг задгай устай сахлаг өвстэй газар байхгүй. Зөвхөн манай сумаар ч барахгүй зэргэлдээ хэдэн суманд ч байхгүй л дээ. Рашаанаас уух гэж бүр алс хол нутгаас ч ирдэг шүү дээ. Булаг ширгэхгүй юмаа гэхэд рашааны чанар нь өөрчлөгдвөл яана. Би яах ёстой вэ ? ... Дээд сургууль төгсөж зам гүүрийн инженер болчихоод төрсөн үүрээ л эвдэх болж дээ ... Улсынхаа төлөө гэсэн чин санааг минь манай нутгийнхан ойлгох бизээ . Би ямар дураараа хийж байгаа биш . Аймгийн төв цаашилбал улсын хэрэгцээг хангах уурхайн үр ашгийг өндөр байлгахад энэ зам маш чухал үүрэгтэй. Дамбий гуайн хэлдэгээр хясаанаас зүүн талаар зам засахад ч болно л доо. Даанч их зардал гарч олон хоногийн ажил болно. Яавч түүнийг зөвшөөрөхгүй . Юутай ч гэсэн маргааш тэр хавийн газрыг нарийвчлан үзье .
Yнэндээ би энэ замын зураг төсөл хийхэд хөндлөнгийн хүн шиг байсан минь тоогүй юм боллоо. Хясааны зүүн талаар зам засья гэж нэг удаа санал гаргахад хэн ч дэмжээгүй. Тэгээд л өнгөрсөн. Хэрэв яагаад түүгээр зам засах шаардлагатай байна вэ гээд л зүтгэсэн бол арга байсан ч байж мэднэ . Одоо газар дээр нь нягтлан үзэж тооцоо гаргаад хөөцөлдвөл дэмжиж ч мэднэ. Хүрээлэн байгаа орчин , байгалиа хамгаалах тухай хууль ч гарсан. Миний саналыг хар муйхраар дайрч няцаахгүй бизээ» ийн бодоод түүний санаа түр ч гэсэн амрав . Эргэн тойрон нам гүм гагцхүү хээрийн чөлөөтэй салхи л үл мэдэгхэн сэвэлзэн үлээнэ. Чулуун баахан хэвтэж байгаад нойр нь бүр хулжсан тул сэмхэн босож майхнаасаа гарлаа. Дамбий өвгөний зэмлэсэнд сэтгэл зовнин майхнаа булгийн эхээс нэлээд доогуур авчран барьж булагт хамаагүй юм угааж бохирдуулж болохгүй гэж нөхөддөө захижээ. Нялх ногооны содон үнэр ханхалж ойролцоохон луглийн харлах хайлаасанд олон шувууд шулганан жиргэсээр л байв. Чулуун шувуудын жиргээнийг сэтгэл догдлон чагнаж байснаа горхи өөд явлаа. Оройтож гарсан сар яг л гурван хайлаасны цаанаас гэрэл гэгээ цацруулна. Горхины хөвөөнд ирвэл сарны гэрэл усанд тусаж мөнгөн утас мэт цайран жирэлзэнэ. Чулуун горхины хөвөөнд сууж жирвэгнэн мяралзах усыг сонирхон харав. Ус хол хол хийн бургилж тал саран урсгал саран давхих мэт мэлтэгнэнэ .
Чулуун багадаа энэ горхины хөвөөнд хурга хариулж явснаа дурсан санав. Бас сарны саруулд саах нийлүүлэх гээд богинохон шилбүүр барьж айлынхаа хүүхдүүдтэй хургаа туугаад инээж шуугиж явсан нь, хурдны морь, унаад хөндийн зүүн биеэр уралдаж байсан нь саяхан мэт санагдана . Yүр цайх дөхсөн бололтой хайлаасны тэндэх шувууд жиргэх нь улам олшров. « Би гэмгүй энэ олон шувуудын үүрийг эвдэх нь дээ. Хясааг нураахаар л бүгдээр үргэж алга болно бизээ » гэж бодохоос их л гэм хийж буй мэт бодогдов . Сумын бага сургууль төгсөөд аймгийн дунд сургуульд ааваараа хүргүүлэн энэ хясааны өмнүүр явахад мөн л олон шувууд жиргэж байсан билээ. Аав нь шувуудын жиргээнийг чагнаж явснаа
--- Буянтай сайхан нутаг шүү. Манай энэ тал нутагт үүн шиг сайхан газар хаана ч байхгүй . Миний хүү эрдэм ном их сураад төрсөн нутагтаа буцаж ирэхэд хамгийн түрүүн л энэ шувуудын жиргээ тосно шүү дээ гэж хэлсэн юм. Түүнээс хойш Чулуун хүү аймгийн дунд сургуульд цаашаа нийслэл Улаанбаатар хотод дээд сургуульд суралцаж байхдаа намар нь эдгээр шувуудын жиргээнээр үдүүлж хаварт нь угтуулан олон жилийг ардаа орхисон билээ. Өчигдөр орой энд ирэхдээ хамгийн түрүүн танил шувуудынхаа хөгжилдөн жиргэхийг сонсож сэтгэл нь ихэд догдлон хөдөлж байсан юм .
Төрсөн нутгийн нь цэнгэг сайхан агаарт бие сэтгэл нь хөнгөрөн унтаж хэвтэхийг хүссэнгүй, дорно тэнгэрийн хаяа цайвартаж сарны гэрэл бүдгэрэн байгааг Чулуун инженер сая л анзаараад майхан өөдөө аажимхан алхахдаа Дамбий өвгөний үг үе үе санаанд нь орж зовоосоор байлаа.
Зам засах хүмүүс ирээд хориод хонов. Гэсэн ч хясааг нурааж эхэлсэнгүйд Гурванбулагийн хөндийд нүүж ирсэн малчид эргэлзэн гайхаж байлаа. Олон үеийн турш малчны сэтгэл тэнэгэр, малын зоо тарган байдаг хөндийхөн энэ зуныг сэтгэл түгшүүртэй угтсан билээ. Гурванбулагийн хадан хясааг нурааж зам засахаар хотоос хүмүүс ирсэн тухай мэдээ хоромхон зуур тарж айлууд яаран сандран нүүж ирцгээсэн юм. Тэд нүүж ирсэн даруйдаа зам засахаар ирсэн хүмүүсийн байраар ганц хоёроороо хэд гурваараа үзэгдэх болж Чулуун инженерийн сэтгэлийг улам ч зовоох болжээ. Чулуун нутгийнхаа ах дүү танил хүмүүстэй өдөр бүр уулзаж зам засах тухай учирлан ярьж заримаас нь хатуу ширүүн үг ч бишгүй сонсов. Тэгээд ямар ч гэсэн хясааны зүүн талаар зам засаж болох эсэхийг мэдэх гэж хэдэн өдөр газар орны байдлыг нарийн судалж нягт сайн тооцоо судалгаа гаргаж шинэ төсөл зохиогоод, түүнтэйгээ хамт нутгийн ард олны хүсэлтийг хавсарган явуулжээ. Чулуун шинэ төлийг нь хүээж авах эсэхийг мэдэхгүй боловч ямар ч гэсэн хариу иртэл ажилдаа орсонгүй. Замынхан хийх ажилгү тул ихэнх нь хөдийн айлаар хэсэх болов . Энэ хооронд Чулууны гэр говиос нүүж ирсэн тул өдөр бүр гэртээ очно . Харин эцэг нь огт зэмлэсэнгүй . « Улсын чухал болохоос биш миний хүү ямар дураараа загнаж байгаа биш . Олон санаа санаж эргэлзэж байхаар ажилдаа орсон нь дээр» гэж эцэг нь хэлсэн юм. Айл саахалтын амьтан ах дүү нар нь түүний хүүг зэмлэж төрж өссөн нутаг орноо эвдэн нурааж рашаан булгыг бузарлах гэж байна хэмээн ил далд шуугиад байхаар Балдан өвгөний сэтгэл хэнээс ч илүү зовж шаналж байлаа. Гэлээ ч гэсэн нэгэнт зам засахаар дээд газар шийдэж хөрөнгө мөнгө зарж хүн хүч ирүүлсэн болохоор яавч түүнийг өөрчилж болохгүй гэдгийг Чулууны эцэг сайн мэдэж байв. Тийм учраас хүүдээ хатуу ширүүн үг хэлээгүй юм. Хэрэв нутгийнхны адил эвгүй үг хэлбэл зам засах ажилд саад учруулж мэднэ гэж санаж байжээ. Балдан өвгөн угаас бурхан шашин шүтэж яваагүй тул хүүгээ хадан хясааг нураахад лусын хорлол энэ тэр болно гэж айсангүй, гагцхүү Дамбийн хэлсэнчлэн ариун булгийн ундарга дарагдаж хатаж ширгэх бий гэхээс л сэтгэл зовнино .
Чулуун төвөөс ирэх хариуг хүлээж өдөр шөнийг зовиуртай өнгөрөөж байлаа . Хааяа арын замаар өнгөрөх машины дуунаар дэмий горьдон гарч хардаг байсан ч төвөөс хариу шийд ирэхгүй л байв .
Чулуун майхандаа хэвтэж байтал ойролцоохон машин дуугарав. Замын машинд олон удаа хууртсан болохоор гарч харсан ч үгүй хэвтэж байтал машины дуу ойртон ойртсоор гадаа нь хүрээд ирэх шиг болохоор ухасхийн гарвал суудлын тэрэг тоос хадаан айсуй . Чулуун сэтгэл догдлон харж байтал машин хурдлан явсаар хүрч ирлээ . Хэн ирээ бол гэж сонирхон харав . Машин майхны дэргэд ирээд зогсоход зам гүүрийн туршлагатай инженер Дүвжир машинаас гараад ирэв. Дүвжир бол Чулууныг бодоход насаар нилээд ах, олон ч зам гүүр удирдан барьсан дадлага туршлага их шилдэг инженерийн нэг ажээ.
Дүвжир замын тоосоо гүвж
--- За дүү хүү сайн уу? Ажлаа эхлэхгүй юугаа хүлээж байгаа юм бэ гэв . Чулуун юм ч хэлсэнгүй түүний гарыг чанга атган мэндлээд майхандаа дагуулан орлоо . Дүвжир цуваа тайлж орны толгойд тохоод явган сандалд сууж
--- Яасан халуун өдөр вэ гээд хөлсөө арчив . Чулуун түүнийг ангаж цангаж ирснийг мэдээд данхтай цайнаас том шаазанд хийж өгвөл Дүвжир авч зөөг цайг гүд гүд залгиснаа
--- Чиний төсөлтэй танилцсан гэлээ .
--- Тэгээд ? гэж Чулуун яаран асуув .
--- Чи дэмий юм санаж байх юм . Мэдээжийн хэрэг хэн ч зөвшөөрөхгүй шүү дээ .
--- Миний шинэ төслийг яагаад батлаагүй юм бол ? Би учир шалтгааныг тодорхой бичсэн шүү дээ .
--- Залуу минь бид нэг шийдсэн зүйлээ хэн хүний үгээр өөрчилж байвал ажил яаж бүтэх юм бэ? Хэрэв чиний төслөөр зам засах юм бол хоёр зуун мянган төгрөг нэмж
зарцуулах нь байна . Болж бүтэх юмыг өөрчлөөд хоёр зуун мянган төгрөгийг агаарт цацах хэрэг үү?
--- Түүнээс ч илүү үргүй зардал гаргадгийг аль тэр гэх вэ ?
--- Түүнийг л мэдсэн юм бол дэмий үргүй зардал гаргахын хэрэггүй биз дээ. Чиний төсөл ёстой үргүй зардал .
--- Та нарийн учрыг нь мэдэхгүй байна. Ард түмний бахархал болсон энэ сайхан байгаль орчныг үнсэн товрог болгохыг би хүсэхгүй байна .
Дүвжир ийм үг сонсоод гайхахдаа нүд нь том болж гараа алдлан өндөлзсөнөө
--- Тэр үнэтэй сайхан байгаль, ард түмний бахархал чинь аль вэ? өвгөрч унах дөхсөн гурван өвгөн хайлаас уу ? өчүүхэн жижиг булаг шанд уу? Манай оронд үүнээс ч илүү үзэсгэлэнтэй сайхан газар бишгүйдээ бий. Хэрэгцээ шаардлага байхад энэ байтугай үүнээс ч сайхан байгалийг устгаж хувиргадаг юм гэж ширүүлэв . Чулууны ч дургүй хүрч
--- Хэрэгцээ шаардлагаар түрээ барьж болохгүй . Одоо дэлхийн олон улс гүрэн учир мэдэхгүй мунхаг үйлээсээ болж эвдэлж сүйтгэсэн газар орон, бохирлож бузарласан гол мөрнөө дахин буй болгох гэж махаа идэж байна. Нэгэнт сүйтгэсэн байгалийг ёстой буян амлаж бурхан бүтээсэн ч дахин уг байснаар нь бий болгож чадахгүй. Одоо хоёр зуун мянган төгрөгийг зарахдаа харамлаж байж хожим хойно хоёр сая төгрөгөөр ч тал нутгийн чимэг болсон энэ сайхан газрыг бий болгоно гэж үү гэхэд Дүвжир ширүүхэн үзэлцэхээр шийдсэн бололтой дөхөн сууж
--- Битгий номчирхоод бай. Хүн төрөлхтөн байгалийг өөрийн эрхшээл өөрийн амьдралын сайн сайхны төлөө ашигласаар ирсэн юм. Байгаль орчныг бохирдуулж сүйтгэнэ гэдэг чинь үүн шиг юм биш . Ихээ том зүйл гэж тайлбарлав .
--- Энэ хадан хясааг нураах нь хэдий жижиг зүйл ч гэсэн ийм сайхан мод рашаан устай газар хавийн хэдэн суманд л байхгүй. Энд нэгдлийн олон суурийн хэдэн мянган мал хэдэн зуун хүн амьдран аж төрж байна . Говьд ус гэдэг чандмань эрдэнэ гэж Чулуун бас тайлбарлав . Дүвжир дэмий маргахыг хүссэнгүй бололтой босоод
--- Тэр хэдэн мянган мал , хэдэн зуун хүнээ бодох уу гэдгийг улс мэдэж байгаа юм . Олон таван үггүй ажилдаа ор гэлээ .
--- Аль алийг нь бодоод шинэ төсөл зохиосон юм гэж Чулуун хэлээд бас бослоо .
--- Тэгвэл улс орноо илүүд бодох нь бидний зорилго гээд Дүвжир майхнаас гарлаа. Чулуун ч хоцорсонгүй даган гарч ирэв . Дүвжир ийш тийш харснаа
--- Ажилчид чинь хайчсан бэ ? гэв .
--- Ойрын айлуудаар орсон гэвэл
--- Чи ер нь энд амарч зугаалах гэж ирсэн юм уу ? үгүй бол ... гээд Дүвжирийн дуу өндөрсөхөд
--- Та сэтгэл зоволтгүй одоохон цуглана гэж Чулуун хэлэв .
--- Би та нарыг ажилд нь оруулаад буцна . маргааш өглөөнөөс хясааг нурааж эхлэх хэрэгтэй гэж Дүвжир тушаав .
--- Би тэр хясааг нураахгүй шүү гэж Чулуун эрс хэлэхэд Дүвжирийн нүд мөн том болж
--- Яагаад ? гэлээ .
Түрүүн хэлсэн шүү дээ гэж Чулуун хариулбал
--- А чи чинь энэ нутгийнх гэлүү? Хоцрогдсон бүдүүлэг хөгшид л энэ хайлаас булгийн эхийг лус савдагтай гэдэг юм . Чи тэдний үгэнд ороод айж хулчийж байх шивдээ. Ийм ч сэхээтэн байх гэж? Наашаа гарахаасаа өмнө Гандан хийдэд очиж амь насаа даатгах нь яасан юм бэ ? гээд Дүвжир тачигнатал инээхэд Чулууны хилэн гэнэт бадарч түүнийг заамдан аваад алгадах гэтэл Дүвжир гарыг нь чанга атгаж
--- Зодох нь уу гэлээ . Чулуун ганц ч үг хэлсэнгүй түүнийг аяархан түлхчихээд горхи руу гүйчихэв .
Зуны тунгалаг наран мэлтэсхийн мандлаа. Замын ажилчид өглөөнийхөө цайг уучхаад хясааг нураахаар явцгаав .
Чулуун Дүвжир хоёр хэд дахин ширүүн маргалдсан боловч тусыг олсонгүй. Yнэндээ Дүвжир, Чулууны саналаар шинэ зам засах эрх мэдэл ч байгаагүй билээ .
Чулуун Дүвжир хоёр хясааг дэлбэлэх бодис үүрсэн хэдэн хүний хойноос хурдан хурдан алхаж явахдаа юм ч ярилцсангүй. Чулуун их л баргар царайлан явж буйг Дүвжир нүдний булангаар харснаа
--- Улсынхаа хөгжлийн төлөө ямар ч гарз хохирлоос айлгүй ажиллах ёстой. Сэтгэл санаагаа үймүүлж болохгүй гэлээ. Чулуун дуугарсангүй газар шагайн алхана. Хайлаасны хойно ирснээ Чулуун зог тусаж
--- Би хясааг нурааж чадахгүй гэчихэв . Дүвжир мөн л нүдээ том болгож
--- За за битгий тунирхаад бай гэвэл
--- Чадахгүй гэдгээ танд олон дахин хэлсэн шүү гээд Чулуун хайлаасны сүүдэрт суучихав . Дүвжир анхандаа түүнийг тоглож байна гэж санасан боловч царай нь баргар нүд нь ууртай гялалзаж байхаар нь
--- Чи ямар эцэгтээ туньж байгаа биш . Yүрэгт ажлаа хийнэ үү? байна уу, өөрөө мэд гэлээ. Чулуун дуугарсангүй. Хясаа тэслэх бодис авч явсан ажилчид очих газраа оччихоод инженерээ хүлээсэн бололтой холхиж харагдана.
--- Нөхөр минь бос. Ажилчид хүлээж байна гэж Дүвжир ширүүн хэлбэл Чулуун хяламхийж
--- Би танд хэлдгээ хэлсэн шүү дээ гэв. Дүвжирийн зэвүү туйлгүй хүрсэн боловч биеэ барьсхийж
---Чи намайг тэсэлж чадахгүй гэж арай бодсон юм биш биз . Чиний амиа тавиад байгаа энэ өгөр хайлаасыг унагааж шалбааг чинь булаад өгье гайгүй гэчихээд хясаа өөд бараг гүйх шахам явлаа. Нар дээш хөөрлөө. Хясааны ёроолд хэлэн хүн Дүвжирийн заавраар тэсрэх бодисоо булж байгаа бололтой тонголзоно. Хясаа тэслэхийг сонирхсон ажилчид нэлээд холхноос харж байв. Дүвжир ажлаа дууссан бололтой хүмүүсээ дагуулаад буцлаа. Дүвжир тэсрэх бодистой холбосон утсаа хөврүүлэн барьж эргэн эргэн харсаар хайлаасны хойно ирээд утасныхаа үзүүрийг тавьж чүдэнз зураад асаав. Утаа манасхийн өчүүхэн хөх гал улалзав. Дүвжир ойролцоо байсан хүмүүсээ зугтаа гэж гараараа зангачихаад Чулууны хажуугаар гүйж өнгөрөхдөө
--- Нөхөөр ! Аминдаа хайртай бол холд гэж хашгирав . Чулуун хорондоо суугаад баймаар санагдсан боловч мунхаг явдлаас болж амиа гээхийг хүссэнгүй түүний хойноос харайлгав. Дүвжир ч эргэн хараад гүйнэ . Чулуун ч эргэн эргэн харж хол хол харайв. Гэнэт нижигнэсэн сүрт дуу гарч газар доргив . Чулуун эргэж харвал бөөн утаа тоос манарч бараг дэргэд нь том жижиг олон чулуу пижигнэн уналаа . Тэр чулуутай хамт амгалан байсан олон шувууд үргэн нисэж толгой дээгүүр нь нар халхлан өнгөрөв . Дараагийн тэсрэлт боллоо . Чулуун амьсгаадан гүйх зуур амандаа тэсрэлтийг тоолов. Эхний ээлжинд таван удаа тэслэлт хийхээр төлөвлөсөн юм. Тав дахин тэсрэлт болж дуусахад Чулуун зугтаахаа больж эргэн харвал шороо тоосонд хясаа ч харагдсангүй , хайлаас нь ч үзэгдсэнгүй . Дүвжир амьсгаадан гүйж ирээд
--- Тэсэлгээ амжилттай боллоо шүү гэв. Чулуун түүний хөлөрч мэнчийсэн хүрэн нүүрийг хараад «Энэ хүн надад ямар гэм хийлээ. Бид хоёр адилхан л мэргэжлийн улс. Нэгэнт л дээд газар зөвшөөрөхгүй болохоор бидний хэн нь ч гэсэн түүнийг өөрчилж зөрчиж болохгүй шүү дээ » гэж бодлоо . Чулуун үл мэдэгхэн санаа алдсанаа
--- Таван газар л тэсрэх бодисоо булаа биз дээ . Хир нураасан бол очиж үзье . Дахин тэслэх шаардлага байна уу үгүй юу гэж хэлэхэд Дүвжир ч юм хэлсэнгүй, түүнтэй зэрэгцэн явлаа . Толгой дээгүүр нь бөөн шороо хуйларна . Тэр хоёр явсаар хайлаасны дэргэд ирэхэд мөчир гишүү нь энд тэндгүй хөглөрөн унасан байв . Булгийн эх рүү том жижиг чулуу зөндөөн унаж булингартай улаан ус уурласан юм шиг тэдгээр чулууны завсраар сад тавьж байлаа . Чулуун хайлаас өөд нүдний булангаар сэм харвал салхины аясаар намиран байдаг ногоон мөчир нь хуга хуга үсрэн холтос нь ч ховхрон унасныг хараад дэмий л шогшров .
Зуны адаг сар гарангуут Гурванбулагийн хөндийхөн өөр тийшээ амь тэмцэн нүүцгээв. Хясааг дэлбэлж зам зассаны дараахан булгийн ус багадсаар ойрмогхон бүр ширгэжээ. Айлууд нүүсээр зөвхөн Дамбий Балдан хоёрынх үлдэв . Хоёр өвгөн горхины эрэг буланд тасарч үлдсэн балга усаар хэд хоног аргацааж бас нэг худаг ухсан авч тэр нь ширгэсэн тул нэгэн зэрэг ачаалав .
Дамбий ачаалчихаад булгийн эх өөд явлаа . Энэ жил хөндийд олигтой ч өвс ургасангүй . Аль хавраас олон малд идүүлсээр бүр улаан шалдан газар болжээ .Ямар ч гантай жил Хөндий ийм өвс ногоогүй байхыг Дамбий далан хэдэн жил амьдрахдаа үзээгүй билээ. Тэр бөг бөг шогшсоор булгийн эхэнд ирж мориноосоо бууж харав. Ариун тунгалаг рашаан булаг мэлтэлзэн ундарч байдаг газар нь нүдийг нь ухаад хаясан аварга том амьтны ухархай шиг харлан хүнхийх нь нэн аймшигтай. Зам засаж байхдаа Чулуун инженер булгийн эхийг дарсан зөндөөн их чулууг зөөлгөж цэвэрлэсэн боловч нэмэр болоогүй юм .
Ундарга хавьд усны дусал ч үзэгдсэнгүй, зөвхөн хуурай хар шороо л өчүүхэн төдий хөдлөх салхинд бужигнана. Гурван хайлаас нь мөчир шилмүүсээ тэсрэлтэд тас тайруулсан учир бараа сүр нь ч алга болж мэнд үлдсэн цөөн мөчир нь хатаж хүрэн өнгөтэй болжээ . Дамбий цөхрөнгөө барж булгийн ундаргын шороог гараараа аяархан малтав .
--- Дамбий минь наадхаараа оролдоод ер нэмэргүй гэх дуу гарахаар ихэд цочин эргэж харвал Балдан өвгөн зогсож байв . Балдан мориноосоо буусан ч үгүй
--- Явья даа . Ачаа холдчихлоо гэв .
Хадан хясааг нурааж зассан дардан замаар ачааны машин тоос хадаан давхиж өнгөрлөө. Дамбий түүний хойноос харснаа
--- Сайхан зам болжээ гээд мориндоо мордлоо .
--- Гэсэн ч энэ сайхан өгөөмөр нутаг минь эзгүйрч орхигдлоо доо .
Миний л хүүгийн хийсэн нүгэл дээ гэж Балдан гүнзгий санаа алдан өгүүлэв . Дамбий морио давирч
--- Хаанаас даа Балдан минь . Чулуун хүү ч зүүн талаар зам засах гэж их мэрийсэн. Улсын ажил чухал болохоор энэ хэсэг газар өгөрч гандах нь юу ч биш гэлээ .
--- Ирэх зун хаана зусна даа гэж Балдан асуувал Дамбий дуугүй явж байснаа
--- Харин ээ хөө. Хөшөөтийн худгийг л бараадахаас өөр замгүй боллоо гэв .
Хоёр өвгөн хайлаасны дэрэгдүүр өнгөрөхдөө зүрх өвдөн харав .
--- Хайлаас минь өвгөрчээ. Одоо ус чийггүй болохоор мөдхөн хатаж унана бизээ гэж Балдан хэлэв .
--- Тэгж л таарна . Өдийд цэл ногооноороо байдаг навч нахиа нь хүрэн болж хатаж байна . Ирэх жил ч лав цэцэглэхгүй бизээ гэж Дамбий маш гунигтай өгүүлэв .
Тэр хоёр нүүдлийнхээ хойноос шогшуулав. Хөлөөр хөглөрч байдаг өвс ногоотой хөндийд морьдын туурайгаар улбар тоос босно . Хатаж ширгэсэн горхины сайр хөндий уруудан цайран харагдах нь нүдэнд хүйтэн ажээ . Хоёр өвгөн явсаар нэгэн хөтөл дээр гарч ирээд эргэн харвал эрдэнийн өнгөөр гялалзан байдаг гурван хайлаас нь сүр сүлдгүй харлан ёрдойж , ногоорон хөхөрч байдаг уужимхан хөндий нь цайвар цагаан болж өнгө алдаад улаан шороо тоос бужигнан хийсэж байсанд хоёр өвгөн гүнзгий санаа алдан цааш гэлдрэв.


НАМСРАЙН БАНЗРАГЧ

Зохиолч Н. Банзрагч 1925 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт малчны гэр бүлд төржээ .
Бага дунд сургууль , Улсын их сургуулийн дэргэдэх утга зохиолын оройн дээд сургууль, Москва хот дахь
М . Горькийн нэрэмжит утга зохиолын институтийн дэргэдэх дээд курсийг тус тус төгсжээ . 1940 оноос уран зохиол сонирхон оролдож « Жирийн хүүхнүүд », « Тал нутгийн хавар », « Мөнх зул », « Аадрын дараа » ,«Цэрэг эрийн дууль », « Замбага ягаан цэцэг », «Өглөө », « Нэг голынхон » ,«Намрын хонгор салхи» ,«Шинэ жилийн өмнөх үдэш » өгүүллэг ,туужууд «Зам » , « Хошуу цагаан нутаг » роман бичжээ . Зохиолчийн « Зам » роман ЗХУ –д орос , белорус хэлнээ хэвлэгджээ .



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 171 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-016.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5805


khuv5-003.JPG
Хэмжээс: 600x800 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4048

Ж. Ганхүү 1958	40х30, зотон тос
Цонж хотгор
Хэмжээс: 600x440 162k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4526


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn