Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж Яалуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг хорвоо дээр Өөрийн сайндаа чи төрөөгүй! Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла.
Yдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж Yеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэн суугаа!
Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ. Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ! Өвөл болохоос урьдаж ээждээ нэг очоорой!
Эгэмний чинь яс хугарахад аавын чинь цээж өвдөж Эдгэртэл нь адилхан шархтай явдаг юм шүү. Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо Шинэ цаснаас урьдаж аавдаа нэг очоорой!
Өвлийн шөнө талд яваа аавыгаа бодоорой Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй! Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ Зарж үрж бөөн бөөнөөр нь чамд харамгүй илгээх юм!
Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг нь уух хэрэггүй Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино. Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол эх орноо хайрлах ч юу л бол
Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн Алтан нар шиг ганцхан шүү !
Yр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа Yс нь буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай ! Хоног өдрүүдийг жаргалтай үдлээ ч дүү минь Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!
Орчлонгийн шуугиан амьтан хүний хэл ам Орон нутгийн утаа униараас холдож Аян замын тоосоо гүвээд Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ. Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандачна.
Аав чинь гэрийн хойморт Алтай уул шиг ханхайж Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна. Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж Малгайгаа өмсөн нудрагаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан галын илчинд нозоорч Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ. Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж Модон тагштай өрөм идэж ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч Тал нутагт наран мандаж гэрийн цэнхэр утаа суунаглан Хуйлран давхих зээрийн сүрэг толгод дамжихаас илүү сайхныг Хурмастын доор үзээгүйгээ мэдрэнэ чи.
Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана! Өвгөн хорвоод зуун жил амьдрахүй ч хогшил хураагчаас Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно, чи!
Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно, чи! Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү Учирлаж аргадсан ардын дуундаа дасна, чи!
Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггүй Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод! Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны Амин голд нэвтэрсэн мэргэд-аав ээж хоёр чинь юм шүү
Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж Адгийн муу амьтныг ч өршөөх агуу их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй Аавдаа шил юм өгөх хэрэггүй Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй Аль алинаар нь тэд дутаагүй
Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л Ээж аав хоёртоо хүргэж оч Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй!
Учир мэдэхгүй нялх багадаа ч Ухаан суусан идэр насандаа ч Уул овоо шиг юмыг ах нь Улс амьтанд амлаж явлаа
Асарч тэтгэсэн ээж аавынхаа Ачийг нэгмөсөн хариулж Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж Алтан аяганаас уулгахын дайтай Андуурч, эндүүрч явлаа.
Одоо л ээж аавыгаа жаргаая гэтэд Орчлонгийн тоглоом даанч хатуу
Алба ажлын эрхээр алс газар одоод Аян замыг хороосоор яаран яаран ирэхэд Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа! "Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь хэлсэн гэдэг! Хїслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү ! Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхдөдөө орхигдож болно Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй
Алдааг минь та нар бүү давтацгаа! Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаая! Алтан дэлхийд үүнээс илүү гавьяаг ах нь мэдэхгүй!
Өнгө алаг энэ хорвоо дээр Өөрийн сайндаа чи төрөөгүй Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла!
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
kho-007.JPG Хэмжээс: 600x450 118k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5610
mongolia2007year-014.JPG Хэмжээс: 600x450 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4628
Төлөгч Хэмжээс: 492x600 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5029
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: