|
|
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Хайх
Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...
|
Шүлэг: Б.Жавхлантөгс : Дэлхийд дурласан сар
Оруулсан admin on 2015-10-19 12:09:56 (3874 уншсан)
Тээр жилийн нэг өвөл сар надтай ханьсаж
Тэвдүүхэн сэтгэлдээн саранд дурлаж
Тэнгэрт даатгасан хүслээ шивнэж билээ
Тэгэхэд тэр сар ямар гайхамшигтай байсан
Гэтэл тэр сар над дээр биш
Гэрэлт ертөнцийг гийгүүлэх гэж биш
Гэгээ цацруулсаар замхран одход
Тэр нэгэн өвлийн тэргэл сарыг
Тэнгэрт би дахин олж хараагүй юмдаа...
Б.Жавхлантөгс
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )
|
|
Шүлэг: Д.Батзул : Миний нутаг
Оруулсан admin on 2015-10-14 20:35:12 (3959 уншсан)
Салхин исгэрээ шувуудын ганганаа сүлэлдсэн
Саруул ухаанд бодол торинуулж үүрсүүлсэн
Дураар наадах хөгнийн хөх бялзуухай эрчилдсэн
Дурдмал сайхан эгшигэн хөгтэй миний нутгийн уулс минь
Хөгдөрч өвгөрсөн нүүрний татмагших нугалааг үзээд
Хөвүүн үрээ танихдаа униартах талаа дэвсдэг нутаг минь
Зээрийн хондлой шиг нутгаасаа үргэсэн төрмүүд үрээ
Зэгэстэй шар дэрсээрээ шавхуурдаж нэг өршөөдөгсөөн тал минь
Ариун усныхаа долгионд бүүвэйн эгшигтэй
Амгалан их талдаа агийн үнэртэй
Аав ээжийн минь өлмий дарсан мөртэй
Алтан нутаг минь амар энхийн өлгий
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батзүл Д )
|
|
Шүлэг: Өндөр шилийн өвгөн хонгор
Оруулсан admin on 2015-10-12 17:29:47 (3691 уншсан)
Өргөн говийн өвгөн хонгор
Өвгөдөөс дамжсан гүр адуу
Өндөр шилийн өмнөөс уралдаж
Өндгөн багаасаа танигдсан хүлэг
Цагаан усаар бэлчээртэй азарга
Цамнаж давхисан омголон азарга
Цахилах гөрөөс шиг хурдан адгуус
Цалигсан хурдай хонгор азарга
Дааган цагаасаа давхисан хүлэг
Дарлаж уралдсан даалуу азарга
Дашдэмбэрлийн уяаны унага
Долоо түрүүлсэн цуутай ажнай
Гүү сайтай сүргийн удамтай
Гүр адууны удмын угшилтай
Гараа барианд хурдтай азарга
Галан шаргал говийн ажнай
Сайхан говийн хонгор азарга
Салхи эсгэрүүлсэн хурдтай буян
Соёолон насандаа эд хурдлаж
Соёрхол хүртсэн ардаг ажнай
Тал нутгийн таантай говийн
Тахийн сүрэгтэй төрөл нэгтэй
Хурааж болдоггүй хулангийн цустай
Хумбан туурайтны бүрдмэл хүлэг
Хатан говийн шигшмэлд багтсан
Хурдтай нутгийн хувьтай азарга
Хонгор азарга шилийн унага аа
2015 10сарын 11нд
Сартуул Б.Улаанхүү
Багануур хот
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Б.Улаанхүү : Арслан дэлтэй чонон бор азарга
Оруулсан admin on 2015-10-12 17:18:41 (3425 уншсан)
Ав хөөсөн азарган чоно шиг
Агуу хурдтай сүрдмээр азарга
Аравгар хээрийн аатай давхил шиг
Арвалзаж байдаг аяган туурт
Адуучин хүнд ховорхон заяах
Аархаж бардмаар алтан туурт
Азийн тэнгэр араасаа дагуулсан
Арслан цээжтэй аварга азарга
Адууны зэл нь унагаар дүүрсэн
Ацтай шонд нь аргамагууд цугласан
Араасаа дагуулах ариван хурдтай
Ачтай буянтай хүлгийн манлай
Алтан жолоо тогтмол өргөөстэй
Айраг шингэсэн алхан толгойтой
Арьсандаа биш ясандаа хурдтай
Арслан дэлтэй чонон бор азарга
Унаган цагаасаа уралдаж сурсан
Уралдах гараанд унаачаа сугартал
Урагшаа хурдтай шуургалан гардаг
Удмын гараатай унаган ажнай
Сул эргэсэн ч сурсан зангаараа
Салхи хагалан тархинд гардаг
Сувдан хөлсөө сул асгаруулсаар
Суларсан чигээрээ барианд ордог
Халхын хурднуутай хамт уралдахаар
Хавиргаа зурайтал сойгдсон хүлэг
Хаана ч уралдсан хаамал ажнай
Хангайн амьтны дүртэй азарга
2015 он 9-р сарын 10-нд
Сартуул Б.Улаанхүү
Багануур хот
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Дууны үг: Б.Улаанхүү : Тэрлэг нь гандсан аав минь
Оруулсан admin on 2015-10-04 12:40:40 (3697 уншсан)
ТЭРЛЭГ НЬ ГАНДСАН ААВ МИНЬ
Эмээлт хүлэг нь эвшээж шилгээгээд
Эзнээ тойрон эргэлдэнэ дээ
Эрийн тэнгэртэй аав минь ээ
Энэ л дүрээрээ мөнхрөнө дөө
Ай миний аавын минь дүр
Алдаж боломгүй агшин юм шүү дээ
Ай миний аавын минь дүр
Амьдын заяанд ганц л үлдэнэ шүү дээ
Задгай сайхан талын бэлчээрт
Завилаж суугаад ханхайна даа
Загийн саглгар мод шиг ээ
Зэргэлээн дотор сүүмэлзэнэ дээ
Ай миний аавын минь дүр
Алдаж боломгүй агшин юм шүү дээ
Ай миний аавын минь дүр
Амьдын заяанд ганц л үлдэнэ шүү дээ
Хөдөөгийн ногоон тал дээр буугаад
Хөөрөг даалингаа гаргаж тамхилаад
Хөлөрсөн морио түр амраагаад
Хөндийг харан бодлогширно доо
Ай миний аавын минь дүр
Алдаж боломгүй агшин юм шүү дээ
Ай миний аавын минь дүр
Амьдын заяанд ганц л үлдэнэ шүү дээ
Толгодын оройгоор дуран барьсаар
Тэрлэг нь гандсан аав минь дээ
Таван хошуу малтайгаа ижилдсэн
Тал нутгийн малчин аав минь дээ
Ай миний аавын минь дүр
Алдаж боломгүй агшин юм шүү дээ
Ай миний аавын минь дүр
Амьдын заяанд ганц л үлдэнэ шүү дээ
2015 он 9-р сарын 30
Сартуул Б.Улаанхүү
Багануур хот
( Сэтгэгдэл бичих | Дууны үг
| Оноо: 0/0 | Зохиогч : Дууны үг )
|
|
Шүлэг: Хургаагийн Сүглэгмаа: Чулуун гэр
Оруулсан admin on 2015-10-01 20:06:36 (4100 уншсан)
Энгэр газрыг тэгшлэн засаж
Эрдэнийн чулуугаар голомтоо тулна
Эрххэн хэдэн дүүгээ дагуулаад
Эвий эвий тоглож өнжинө
Хатан нарны бүслүүр дагуулж
Хаан гэрийнхээ ханыг дугуйлна
Үелээ үелээ толгодоо зүсэлж
Үүдэн хоймроо тэгшхэн голлуулна
Үйл үйлийн шаглааг бодож
Үе завсаргүй цувуулж өрнө
Үүрд амгалангийн бэлгийг бодож
Үүд хаалгаа нээлттэй барина
Зузаан нимгэн хоёр чулуугаар
Зуух тогоогоо эхэлж тулна
Хормойлсон чулуунаасаа тэгшийг нь харж
Хоймрын авдраа дараа нь тавина
Ижил ижилхэн хоёр чулуугаар
Ижий аавынхаа орыг зална
Идээ цагаа арвиныг ерөөж
Илүүхэн өндрөөр нь эрэгнэгээ тулна
Будаа чихэр өнгөөр алаглуулж
Бурхан тахилаа ёсоор өрнө
Бузгай айлын нүнжиг зааж
Буусан гийчинд идээ тавина
Уул уулынхаа чулуунаас түүсэн юм
Улаан голдууг нь үхэр сүрэг гэнэ
Цаад наад голоосоо авсан юм
Цагаан голдууг нь хонин сүрэг гэнэ
Оргил оргилынхоо өндрөөс нь түүсэн юм
Овоо товирууг нь адуун сүрэг гэнэ
Ойр хол говиосоо цуглуулсан юм
Олон тоотойг нь тэмээн сүрэг гэнэ
Зүг зүгийн толгодоос ирсэн юм
Зүс алгийг нь ямаан сүрэг гэнэ
Зүг бүртээ малаа бэлчээнэ
зүс ижилсүүлж сүргээ багшруулна
Хотгор гүдгэрээ дагуулж
Хороо бууц бүгдийг нь засна
Хормой хормой чулуунаас
Хот айл ингэж босно
Хаан тэнгэрт мөрлүүлж боссон
Тоонотой билээ энэ айл
Хатан дэлхийд шийрлүүлж тулсан
Тоонотой билээ энэ айл
Дөрвөн зүг найман зовхист
Ханаа дугуйлсан их МОНГОЛЫН
Дөрөөн чимээтэй уяан дээр нь
Дэлхий амсхийдэг
2009-07-25
"Нүүдэл"номноос
Эх сурвалж: erelch.blogmn.net
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Сүглэгмаа Х )
|
|
Шүлэг: Ш.Батцэцэг: Дэггүйрхэлийн бадаг
Оруулсан admin on 2015-10-01 10:46:14 (4384 уншсан)
Эрвэн нүдний дэрвэн харцанд
Энхрий сэтгэл уясаад байх чинь.
Хөнгөн алхаа донж намбанд
Хүсэл сэтгэл минь татагдаад байх чинь.
Дэвүүр шувууд хавар цагаар дуулалдан ирэхэд
Дэнсэлж догдлоод зүрхний гуниг бороо шиг сувдрав.
Сэвэлзүүр салхи сэвлэгээр наадан аальгүйтэн эрхлэхэд
Сэрэмж алдууран түүний зүг хүсэл минь урвав.
Эрвэн эрвэн харцны чинь гэгээнд
Ээнэгшинхэн дасмаар байна.
Дэрвэн дэрвэн харцных нь гэгээнд
Дэгжин гоёмсог бүжмээр байна.
Хувилгаан цагаан гараас нь
Хундагагүй дарс уумаар байна.
Хулгайн хорвоог хайраар уучилж
Хууль цаазгүй жаргамаар байна.
Хөнгөн алхаа, ихэмсэг дүр нь
Хөвсөлзөх зүрхнээ тодхон байна.
Хүслэн хяслан алаглах хорвоод
Хүмүүний хайр л агуу байна.
Эрвэн дэрвэн харцны чинь гэгээнд
Эрххэн охин шиг дуулмаар байна.
Элэгнээс сэмрэх сүүн гунигаа
Энгэрт чинь асгаж уйлмаар байна.
Ххх
Өмнөдэлгэрийн залууг
Өөртөө би дурлуулмаар.
Өнгө аялгуу тансаг
Амрагийн шүлэг уншуулмаар.
Дөлгөөн бор нүдэнд нь
Сэмхэн гунигаа нуумаар.
Дүүрэн цагаан инээмсэглэлд нь
Арван наймт шиг баясмаар.
Надтай хамт бүжиглүүлж
Намба алдуулж цэнгүүлмээр.
Найрын сөн түшүүлж
Нам согтдогийг нь болиулмаар.
Зүггүй зүггүй бодлууд
Зүү шиг хатгаад байх чинь
Зүүн зүгийн салхи ийм л саваагүй юм уу даа.
Зүүсгэл дэгжин хөвүүний
Зүрхийг нь гижигдэхээ болъё доо.
Зүс зүсээ андахгүй
Зүгээр л найзууд явъя даа.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
|
|
Шүлэг: Ш.Батцэцэг: Гоёл
Оруулсан admin on 2015-10-01 10:27:52 (4230 уншсан)
Даруухан зан надад зохихгүй гэнэ.
Давилуун ааш минь надад гоёл болдог гэнэ ээ.
Гунигаа нуусан харц минь наддаа л гоёл.
Дуу алдсан инээд минь ч бас нэгэн гоёл.
Хэнгэрэг дэлдсэн дуу хоолой минь
Хэн хүнд байхгүй гоёл оо.
Буян далласан мэнгэ минь гоёл.
Бурханаас надад заяасан авьяас минь гоёл.
Байгаль ээжээс заяасан очмог цочмог араншин
Орчлонд намайг чимсэн үнэлшгүй гоёл мөн.
Томъёолж хэлэхийн аргагүй миний л араншин
Тооцоолж бодохын хэрэггүй миний л гоёл оо.
Цэв цэнхэр эсвэл ягаан
Цэг, цэг... миний л араншин
Ххх
Намир намир бороонд нь
Шүхрээн гээж алхмаар.
Насны намбаа гээж
Гэзгээн задгайлж гунхмаар.
Нарны цацраанд сувдрах
Болор мөнгөн дуслыг нь
Насны гунигаа мартан
Хацрынхаа хонхорхойд шигтгэж
Надад зовлон үгүй гэж
Ертөнцөөр дүүрэн хашгирмаар.
Шивэр шивэр бороонд нь
Сэтгэлээ ариусгаж алхмаар.
Сэргэлэн нүдтийнхээ харцыг
Алган дээрээ бөмбөрүүлж,
Сэрмүүхэн талын цэцгэн дунд
Завилж суугаад
Бурханы бадаг хэлхэхсэн …
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
|
|
Шүлэг: Ш.Батцэцэг: Хорин нэгтэй амраг
Оруулсан admin on 2015-10-01 10:15:25 (3953 уншсан)
Хорвоогийн гунигийг зүрхэнд юүлсэн учрал
Хоёрлох сэтгэлийн үзүүрт хайр үерлүүлсэн тавилан
Хослохын ерөөлөөс зөрж, үйлээр хөтөлсөн заяа
Холоос ч, ойроос ч эрэхийн хэрэггүй зүрхэнд минь байдаг
Хорин нэгтэй амраг надад байдаг.
Хайр байгаа болохоор л …
Харцанд минь чи ойрхон байна.
Хашгирахад дуу минь чамд хүрэхээр байна.
Харайгаад л чиний энгэрт зүүгдэж болохоор байна.
Хайрт минь чи надад дэндүү ойрхон байна.
Дэндүү ойрхон байгаа болохоор чинь
Сэтгэлийнхээ галыг өрдөж болохгүй байна.
Тэгвэл шатчихна, тавилан гуниглана.
Дэргэдээс чинь холдож чадахгүй байгаа болохоор л
Сэмхэн дотроо шаналж хуурай гунигаар мэгшинэ.
Уйлвал чи мэдчихнэ, сэтгэл эмтэрнэ.
Хайртай гэж
Хад чулуу доргитол хашгирмаар байвч
Би тэвчинэ.
Хашгирсан ч зүрхэн дотроо хашгирна.
Хорвоо хайраар бялхаж л байдаг.
Хайрыг дагаад нулимс урсаж л байдаг.
Хайр байгаа болохоор
Хүмүүс учирч, бас хагацдаг.
Хайртай учирсан болохоор л
Хүн төрж, бас үхдэг.
Хайр байгаа болохоор л…
Ххх
Аяар аяархан цасан будраад
Анир хөндөж бодол сандаахад
Алчуурын дэрвээнд он цаг алсарч
Ай завгүйхэн явсаар нас нэмж одно.
Амрагаан санаж ганцаар алхахад
Ариухан цас аргадаж ханьсана.
Амрагтаан яарч гэгэлзэнхэн алхахад
Алиман сар чиний зүгт хөтөлнө.
Тэнгэр нь хүртэл мэддэг
Тийм тавилантай хүмүүс дээ, чи бидэн.
Тэнгэр нь хүртэл таалдаг
Тэргэл ерөөлтөй хүмүүс дээ, бидэн.
Аяар аяархан цасан будраад,
Анир хөндөж бодол гэгэлзүүлээд
Амрагтаан тэмүүлэн яарсаар явтал
Алчуурын дэрвээнд он цаг хийсчихэж.
Алган дээрээс минь
Шинэ оны наран мандаж байна.
Ххх
Их санахын цагаан талд адуу янцгаана.
Ижилсэхийн цагаан тивд аядуухан яарна.
Хувь ерөөл байвал төөрөөд ч болов ирнэ дээ, миний амраг.
Хувилгаан сарны гэрэлд шүлгээ шадалж хүлээнэ ээ, би чинь.
Их яарлын цагаан салхинд ямархан аялгуу жимбүүрдэнэ вэ?
Их хүслийн цагаан үйлээр ямархан тавилан урланам бэ?
Тавилан хэрвээ байвал
Тамд ч болов уулзана даа, амрагтайгаа...
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
|
|
Шүлэг: Ш.Батцэцэг: Ногоолин сүм
Оруулсан admin on 2015-10-01 10:11:47 (3949 уншсан)
Тэнгэр аргадсан эрх жаргалын өргөө
Тэвчээр алдарсан энхэр хүслийн өглөө
Тэр бидний учралын драм тоглодог
Нов ногоохон,
Ногоолин сүм.
Гоо хонгор сарыг атаархуулан байж,
Гоё хүүхэн одыг төөрүүлэн байж,
Гуа ертөнцийн тансгийг бүтээн туурвиж
Тэр бидний жаргадаг
Ногоолин сүм.
Тэнгэрийн доор хайраар босгосон
Нандин сүм.
Нов ногоохон,
Ногоолин сүм-
Амрагийн дуэльд дуудсан
Болор одон жингэнээтэй.
Амьдралын далайд төөрүүлсэн
Бодрол хайрын шивнээтэй.
Тэргэл сарны гэгээг
Дарс шиг шимсэн хөлчүүрхэлтэй.
Тэнэглэлийн халуун галд
Шатаж эндэхийн эмгэнэлтэй.
Тэр сүмд би
Жаргал дүүрч очдог.
Тэр сүмээс би
Зовлон үүрч гардаг.
Тэглээ гээд гомддоггүй
Тийм амттай зовлонгийн үрийг
Тэр сүмд л тарьж болдог.
Тэр бидний жаргадаг ногоолин сүм.
Тэнгэрийн доор хайраар босгосон
Ариуслын сүм -Ногоолин сүм.
ххх
Миний задгайлсан
Гэзэгний үзүүрт
Сувдан дусал бөнжигнөнө.
Хэний гуниг вэ?
-Тэнгэрийн гуниг!
Миний хантайрсан
Хүлгийн нуруунд
Чийгтэж хононо.
Хэний гуниг вэ?
Орчлонгийн гуниг аа…
Ххх
Улаан сарны гэгээнд
Улаан модод дуулалдана.
Улаан мододтой гудамжаар
Улаан машинтай давхина.
Улаан дарс уугаад
Улаан хөлчүү явхад
Улаан сормуустай залуу
Улаан болзоонд урина.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
|
|
Шүлэг: Ш.Батцэцэг: Дүүмэдхэн
Оруулсан admin on 2015-10-01 10:10:40 (4317 уншсан)
Дүрийг чинь мартах гэж өөрийгөө би зовоодоггүй.
Дүүмэдхэн байлаа ч, уулзахаас би айдаггүй.
Цадиггүй хонгор аалинд чинь дэндүү би хайртай.
Цайлган сэтгэлийн гэгээн энхрийлэлтэй.
Ямархан үйлээр чамтай учирснаа би мэдэхгүй.
Яах гэж чамд дурласнаа би мэдэхгүй.
Дөлгөөхөн харцыг чинь санахын ихээр санана.
Дүрвэсэн алсаас хүсэхийн ихээр хүснэ.
Сар хоног улирах тоолон
Жаргасан өдрүүдээ бодолдоо хүрдэлж,
Сайхан чамтай учран дассан
Жамын төгсгөлийг үл хүснэм.
Ххх
Наалинхай хоёр эрэвгэр нүд
Намба донж, насны гэнэн
Аль алинд нь сэтгэл сөгчих
Аальгүй нас минь үгүй болж дээ.
Арван хоёр насны
Алтан зөрүү харшилдаад
Амраглахын орчлонд
Дүү минь чи хожимджээ.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
|
|
Шүлэг: Ш.Батцэцэг: Миний гудамж
Оруулсан admin on 2015-10-01 10:04:22 (4131 уншсан)
Гучин хэдэн нас намбаан гээж сээхэлзээд
Гуниг үерлэсэн гудамжны төгсгөлд
Гэрийн халаадтайгаа зогсоно.
Гурван бээр, дөрвөн бээр,
Олон, олон бээрийн чанадаас ирэх
Хэн нэгнийг хүлээнэ.
Гурван сар, дөрвөн сар, таван сар дууссан байна.
Гуа цагаахан хус өвгөрсөн мэт нүцгэн үзэгдээд…
Энэ гудамжны замыг бүр хаагаад…
Эргэж ирэхгүйгээр салах ёс гүйцэтгэе үү…
Гуниг минь миний хамгийн хайртай гоёл минь юм шиг,
Нулимс минь миний хайраар хэлхэгдсэн
Сувдан зүүлт юм шиг,
Гудамж минь- миний дураараа туйлах араншин минь.
Ганцаардал минь -миний ирээдүй тольдох ухаарал минь…
Гучин хэдэн нас намбаан гээж
Гуниг үерлэсэн гудамжаар
Даашинзгүй алхаж болно.
Хаах замгүй, хайх мөргүй
Миний гудамж-Гунигийн гудамж…
2010.05.14
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
|
|
Шүлэг: Ш.Батцэцэг: Гучин наймтай ах
Оруулсан admin on 2015-10-01 10:03:31 (4369 уншсан)
Саахалт айлын ах
Гучин найман настай.
Сайхан хар нүд нь
Сониуч содон харцтай.
Хар хамбан дээлний
Ембүү мөнгөн товчинд
Хасын сарны туяа ойж буусан учралтай.
Хаврын дунд сарын тэргэл гийсэн үдшээр
Халуухан зүрхэс уяралдуулж
Харцаараа ярьсан шивнээтэй.
Хот айлын ах
Гучин найман настай.
Хонгор сэтгэл уясаах
Хайрын гэгээн совинтой.
Хав дөрвөлжин цээжинд нь
Барсын хүч оршоостой.
Хат суусан ухаанд нь
Хаадын ухаан шаглаастай.
Хайлан цагаан сэтгэлд нь
Хайрлахын үнэн хөглөөстөй.
Ханийн заяа тэгшилсэн
Тавилангийн сайханд ивээлтэй.
Айлын сайхан ах
Гучин найман настай.
Алаг нүдний харцанд нь
Охидын сэтгэл дэглээстэй.
Амраг ханиа хуурахгүй
Итгэл гэдэг цайзтай.
Айлын сайхан ах
Гучин найман настай…
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
|
|
Шүлэг: Ш.Батцэцэг: Би
Оруулсан admin on 2015-10-01 10:01:04 (4032 уншсан)
Нар дагуулан нисдэг
Эрвээхэй байлаа би.
Навчис цэцэгсийг шилэн сонгон
Нааддаг байлаа.
Харь холын ирээдүйд
Тэмүүлдэг байлаа.
Хан хүүгээсээ төөрөлдөн
Гуниглаж явлаа.
Хараацай сормуусаа дэвсэн
Үзэсгэлэн байлаа.
Харцандаа гунигаа үзүүлдэггүй
Тэвчээртэн явлаа.
Саранд дүүлэн тэмүүлсэн
Хараацай байлаа би.
Сайхан зүүд эзгэнэсэн
Дагина явлаа.
Санахын алсад ганцаардсан
Хайр байлаа.
Салахын үйлэнд хөтлөгдсөн
Учрал байлаа.
Бодлоо дэвтээн шивэрсэн
Бороо байлаа.
Бусдын сэтгэл зөөллөсөн
Уянга байлаа.
Зүггүй хонгор насны
Инээд байлаа.
Үггүй хайрын харцны
Дурлал байлаа.
Үймээн шуугиант хорвоод
Гэнэн залуу явлаа.
Үхлээс хүртэл айхгүй
Омголон танхил явлаа.
Нар дагуулан нисдэг
Эрвээхэй байлаа.
Навчис цэцэгсийг шилэн сонгон
Нааддаг байлаа.
Би-
Инээд байлаа.
Гуниг байлаа.
Жаргал байлаа.
Зовлон байлаа.
Шувуу байлаа.
Би цаг хугацааны солонго байлаа.
Бийр үзэгтэй нөхцсөн солиорол байлаа.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
|
|
Шүлэг: Ш.Батцэцэг: Миний урлан
Оруулсан admin on 2015-10-01 10:00:06 (3996 уншсан)
Бодлын жигүүр болсон шүлгээ
Чиний инээдээр хэлхдэг.
Борхон хацраа би
Чиний инээдээр өнгөлдөг.
Бор торгон амьдралыг
Чиний инээд хөглөдөг.
Болрын мөнгөн талст шиг
Итгэлийн гэрэл цацардаг.
Уруулын чинь хээгээр би
Улаахан цэцэг зурдаг.
Зүрхэн дээрээ ургуулаад
Зүггүй саранд гайхуулдаг.
Харцны чинь урсгалаар би
Харзтай мөрөн урладаг.
Хараацай сормуусаа дүрээд
Хайрын шүлэг бичдэг.
Харзалсан мөрөн сэтгэлээр минь урсдаг.
Хаа эртний шувууд ирж чуулдаг.
Хан тэнгэрийн одод зүсээн тольддог.
Наалинхай аалиар чинь би өөрийгөө мануулж,
Нарнаас өөр юу ч нэвтлэхгүй цамхаг босгодог.
Намайг аргадан энхрийлэх чиний аалиар
Насаараа би мануулж явахыг хүсдэг.
Амар амгалангийн манаач болж,
Аз жаргалын өглөгч болж,
Зүүдэнд минь чи нар болон мандаарай,
Зүрхэнд минь чи хайр болон мөнхрөөрөй,
Чиний ертөнцөд би зорчмуй.
Чиний ертөнцөд би шүлгэлмүй.
Чиний ертөнц- миний урлан.
2006 он
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
|
|
Шүлэг: Ш.Батцэцэг: Сондорлоод чиг урсдаг ...
Оруулсан admin on 2015-10-01 09:57:23 (4462 уншсан)
Сондорлоод чиг урсдаг
Нулимсыг минь арчихдаа чи
Солиотой хүүхэн шүү гэж боддог уу?
Сохор чиг зоосны үнэгүй нулимс минь
Солиортлоо бачуурсан
Сэтгэлийн минь хирийг угаадаг
Сонгодог нэгэн хурын дусал юм шүү дээ.
Хацрын хонхорхойд тогтсон
Үрэл сувдан нулимс нь
Хайрлахын үйл үерлүүлсэн
Орчлонгын гуниг л юм даа.
Хархан нүдний сормуус
Үзүүр сувдран үзэгдэх нь
Хатуу тавилан сөрсөн хувь заяаны
Хайлган бор зүрхний уярал л юм даа.
Уйланхай хүүхэнд дургүй бол
Учралаа надаас зөрүүлсэн нь дээр дээ.
Уяран хайлан дуулдаггүй бол
Уран гоё хоолойгоор яах вэ.
Уйлж, дуулж, жаргаж, зовж чадахгүй бол
Ухаантны хорвоод амьдраад чиг яах вэ?
2006 он Дотуур булаг
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
|
|
|
|
|
Санал асуулга |
|
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 101 зочин 0 гишүүн байна.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|