Шүтмээр их буянт хүн ээждээ л залбир Шүлэглэмээр агуу хүн ээжийгээ л хайрла Сүсэглэмээр бурхан хүн ээжийгээ л шүт
Бурханд биш ээждээ л залбир Бусдыг биш ээжийгээ л шүт Буянт эх хүн ээжийгээ л хайрла
Холын бурхадаас илүү ээждээ л залбир Хорвоод хүн болгосон ээжийгээ л шүт Хожим харамсахгүйгээр ээжийгээ л хайрла
Бүхний дээд хүн ээждээ л залбир Бөхөж болохгүй зул ээжийгээ л шүт Бүгдээс илүү зөвхөн ээжийгээ хайрла
Нартай өдөр өдрийн тоогоор ээждээ л залбир Нас насны их буяныг нь шүт Нартад төрүүлсэн ээжийгээ л хайрла
Оддыг биш зөвхөн ээжийгээ л шүт Ондоог биш зөвхөн ээждээ л залбир Орчлонгийн агуу хүн ээжийгээ л хайрла Амь амьдад нь ээждээ л залбир Алс явахаас өмнө амжиж ээжийгээ шүт Ачит эх хүн ээжийгээ л хайрла
Тээж төрүүлсэн их хувь заяанд нь залбир Тэтгэж амилуулсан цагаан сүүг нь шүт Тэнгэрлэг эх хүн ээжийгээ л хайрла
Ээжийгээ хайрлаж байж л бусдыг хайрла Ээжийгээ шүтэж байж л ихэс мэргэдийг шүт Ээждээ залбирч байж л бурханд залбир
Мөнх тэнгэрийн эвээлд багтсан
Мөрөн сумын цуутай ажнай
Мянган хүлгийн салхийг хагалсан
Магнай халиун Халзангийн унага
Дээд тэнгэрийн удамт хүлэг
Дүнжин гаравын түрүү магнай
Дурдан тоостой зулардаг ажнай
Дуусашгүй удамт тэнгэрийн хүлэг
Дөрвөн туурай нь газраас хөөрөөд
Дэлтэй шувуу шиг нисдэг ажнай
Дийлж уралдахаас дутаж үзээгүй
Далавч ургаагүй газрын жигүүртэн
Хөвсгөл нуурын хөөрхөн хүлэг
Хөнгөхөн сэтгэлтэй сэрэглэн ажнай
Хөөлгөж уралдахаас хөөж уралдадгүй
Хөлөндөө эрдэмтэй талын унага
Хөх тэнгэрээс бэлгэнд төрсөн
Хөвчийн хангайн цуутай халиун
Хүлгийн заяа эвээсэн эзнийхээ
Хийморийг босгосон буянтай хүлэг
Баяр наадмын морьдыг хөтлөөд
Буухиа шиг торойгоод гараад ирэхэд
Буурал хөвсгөл цалиган давалгаалж
Болдбаатар уяачийн самсаа шархирна
2016 оны 2 сарын 22нд сартуул Б.Улаанхүү Багануур
Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй Гурван нарны хооронд ганцаардлаа бас далдлаагүй Үгсээ залгисан ч үнэнийг чамаас харамлаагүй Үйлийн үртэй хорвоогоос юу ч би харуулдаагүй Наашаа харан инээж цааш харан бvv уйлаач Надад гагцхvv чиний vнэн дvр соньхон Нулимсаа урсган амласан ч уруулаа бусдад амтлуулсаар Нуугдаж болдоггүй орчлонд еерийгее бvv хуураач Зохиомол ертөнцөд амьдрахыг үл хүсдэг учир -анхилуун сvрчигээр aраншингаа нуудаггvй Зохиомол ертөнцөд амьдрахыг үл хүсдэг учир - зохилдоогvй модагаар vзэл бодолоо нуудаггvй Зохиомол ертөнцөд амьдрахыг үл хүсдэг учир - уран цэцэн vгсээр бодол сэтгэлээ нуудаггvй Зохиомол ертөнцөд амьдрахыг үл хүсдэг учир -яралзсан ганган мишээлээр санаа сэдэлээ нуудаггvй. Зохиомол ертөнцөд амьдрагчдад бодит үнэнийг илчлэхээс эмээдэггүй би
Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаа гоёод Сар шинийн өглөөг амар мэнд угтана уу Аагтай шаргал цайгаа нарны туяатай самарч Алтан төрийн сүлдтэй хойморын тахилдаа дээжлээд Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах ээждээ Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу Хөх өнгөтэй хадгаа барин ерөөл золгож үнсүүлье Хан Монгол олныхоо шинийн нэгний мэндийг эрье
BATSUKH. GANZORIG 2014.01.24
Хөгдөрсөн өвсны замгалсан үндэс хөлийн шилбээр дөрлөнө
Дөрлөгдсөн омог эрчлээ бүрийг чангаруулахад
Дайсэцэн дарлал дарангуйлалыг давиран уухайлах шиг
Өрц нимгэрүүлсэн ган завчилдааны тоосон түүх дурдатгалын мөрөөр цуврана
Алсаас төөнөх нарны туяанд өнчин санагдах
Насан мөнхийн дайлаар мордсон алалдаан хядааны уршиг
Бор гэрт богтлогдсон айдсаар балчирын харцыг мэлмэрүүлж үзэгдэх шиг
Хөлгөн судрын бичээс хүйтэн зэвийн цусан мөрөөр бичигдэнэ
Оддыг он цагийн тооллоор өнгөлсөн их гүрний түүх
Одоо ч оюуны их сэрэлтний сэтгэлийн гүнд гунигын тоосонд хучигдах болж
Халаглах халдах учиргүй хөх зөнт бидний эрчлээ нь чангарсан угшил
Хадны энгэрт хүйтэн зэвээр сэглүүлж өгүүлрэх учиггүй санагдана
... Он цаг гэж байдаг нь үнэнсэн бол одоо биднээс үнэн түүхийг юунд нуунам..,
Ёрлосон зөнгийн ард өнчирсөн их айдас ёс бус
Ёгтлох их дайлал үгний сэг зэм өмхий мэт ёс бус
Зөрсөн амрагын халуун их халил ханилалын хорлолтой ёс бус
Хагцах харлах сэтгэлийн голыг гогдох тамлал ёс бус
Ээдрээ үгүй сэтгэлийн эрч бүрийг зангируулах санаатны үйл ёс бус
Эмзэг нандин үгсийг цээж нүцгэн тэрлэх ёс бус
Өвөр дүүрэн жаргалыг эмтлэх их харууслыг дагуулагч ёс бус
Эрхшээж бус элэглэж бусдаар наадагчийн сэтгэлийн зовлон ёс бус
Алагчлах аминчлах арсалдахын их бялуурал галзуурлын хорлол ёс бус
Амьд үхсэн ад зэдгэрийн хүүхэн харцны цочрол айдаст ёс бус
Тамлал тайллага тайлах их нигуурт сэтгэлийн дүрээр наадагч ёс бус
Тахил мандалын зөрлөгт өргөл үйлдлээр бузарлагчийн идээ ёс бус
Д.Батзул
“Болор цом-2016” наадмын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатарын сүүлийн даваанд уншсан шүлгийг хүргэж байна.
“СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт
Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь
Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг
Аль эрт мэдчихсэн болохоор
Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад
Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж
Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.
Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг
Андтай болов
Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг
Нөхөдтэй болов
Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад
Хулчигар болов
Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад
Хуурамч болов Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх
Хэврэг “үнэн”-ий самбар болов
Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн
Худлаа олон “соёлын” боол болов ...Ашгүй минь ...
Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд
Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь
Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө
Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг
Чаг чаг .... хийн дуугарах болгондоо сануулж
Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь
Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий
Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа
Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан
Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас
“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах
Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод
Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг
Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдах
Таана халхалсан талдаа таавараа амьдрахаар
Тагнай ташсан айргаа таашааж залгилахаар
“СУУРИН ИРГЭНШЛИЙН” -аас алдуурч
Суварга суварга уулруугаа маргааш би мордоно
Усан цэнхэр тэнгэрийг нүд цавчилгүй ширтэж
Уудам шаргал талын зөөлөн хөрсийг үнэрлэж
Уралдах хурдан морьдын туурайн чимээг чагнаж
Уртын сайхан дууны яруухан эгшгийг сонсож
Улаан шаргал цайны самарсан сүүнд нь уусаж
Улбар цэнхэр дөлтэй задгай галанд дулаацаж
Уураг сүүлний амтыг нэхий өлгийнд амтлаж
Уньтай ханатай гэрийн бүслүүр түшин тэнцэж
Ургах улаан нартай өглөө болгон золгосоор
Унаган төрсөн биеэ ханхайж өсхийг харзнаж
Удам дагасан шөрөмсөө хөвчөрч зангирахыг хүлээж
Унаганы хөхүүл саамаар айраг эсгэн залигласан
Би цэвэр ариун цустай жинхэн монгол эр хүн
Би цэнхэр тамгаараа батласан халх монголын эр хүн
Уургын уртыг суналзуулж адуугаа хураан хөндөлдөж
Усан тэлмэн жороотой хүлгийн сайхныг сонгон барьж
Уран ганган гишигдлийг нь хазгай суун тааруулаад
Уулын хүрэн бүргэд шиг нисгэн халигуулан гангар ч
Уужим тэнүүн нутгийнхаа цэнгэг агаараар амьсгалаж
Улаан залаат монголынхоо удмыг залгасан эр хүн би
2016 оны-2-сарын 2 нд сартуул Б.Улаанхүү Багануур
Хоёр үзүүртэй утас шиг энэ сэтгэл гачлантай
Хөг үгүй ятга шиг нэг л онцгүй
Хаашаа л бол хаашаа холбирч мэдэх энэ зүрх
Хатаж орхисон цэцэг шиг нэг л ёозгүй
Сэтгэл гэгч нь ийм олон араншинтай атал
Саран авхайд хүслээ дайж би юу хийнэ
Зүрх гэгч нь ийм олон өнгөтэй байхад
Зүрхлэн би ам гарах хэрэг байна уу даа
Хэзээ л бол хэзээ, хэдийд л бол хэдийд
Дураар хувирч болох сэтгэл зүрх гэдэг
Хээрийн саваагүй салхинаас ч бэрх
Дотоод ертөнцийн минь нэгэн орчил л юм даа
Алсран одсон он жилүүдийн нугачаанд
Аавтайгаа би мөнхөд амьдрах юм шиг санаж
Эрх танхил охины дүрээр
Энгэрт тань ямагт зүүгдэх юм шиг бодож
Цаг хугацаа хэчнээн чиг өнгөрсөн таныгаа
Цал буурал болохгүй юм шиг санажээ
Өдөр хоног урсан холдлоо ч таныгаа
Өнөөдрөөрөө л байх юм шиг эндүүрч охин чинь
Дандаа л тантайгаа дуулалдан жаргана гэж
Даан чиг хол мөрөөдөж үр чинь
Дэврүүн багын тэр л янзаараа
Дэргэдээс тань үргэлж зүүгдэх юм шиг андуурч
Бурхан Буддад мянгантаа залбираад
Буцаад нэг хүүхэд болохсон
Зөрүүдлэн байж таныгаа гомдоосноо
Засчихмаар санагдаад болохгүй юм, аав аа
Ид шид гэж хэрэв байдаг сан бол
Эргээд би хүүхэд болохсон
Элдвээр аяглаж таныхаа урмыг хугалснаа
Энүүхэндээ бас залруулчихмаар байна
Сайхан аавынхаа нөмөрт нь өссөн би азтай хүн
Саран авхай ч атаархам би жаргалтай хүн
Амьдралыг минь тэгшитгэх үнэтэй сургаал хайрлах
Аавтайдаа би хамгаас баян хүн
/Б.Батцэцэг/
Бүсгүй хүн түмэн учгийг тайлах хатан ухаантай
Бүрхэг өдөр ч ханиа гийгүүлэх гэрэлт дэнлүү
Балчир үрдээ бүүвэй аялсан дар эх шиг бай гэж
Бодлын үр минь нахиалсан тэр мөчөөс өдий хүртэл сургамжилжээ
Настан буурлынхаа сургаалаар би
Намар намартаа шарлах навчис адил эмзэгхэн
Нартай борооны дараах солонго мэт үзэсгэлэнтэй
Нахиа бүрээсээ гэрэл цацруулсан бүсгүй цэцэг болжээ
Гэвч би хатан заяанаасаа зөрж
Ган илдийг гартаа барихгүй бол
Төөрөг тавилангаа түрдээ орхиод
Төрийн хэрэгт хошуу дүрэхгүй юм бол
Түүх шастир дахь өвгөдийн минь үйл баларч
Талын дайчдын босгосон аугаа Монгол ангалд унах нь
Хэдхээн хувалз Монголын минь толгойд шигдчихээд
Халуун цус, хатан зоригийг минь сорж дуусах нь
Эм хүн байтал төрийн хэрэгт дурлаад гэж
Ээ дээ, та нар минь л бүү тэгж хэл
Зүү, утас сүвлэх заяатай бүсгүй хүн юм шүү би гэж
Зүрхэндээ өөрийгөө намжааж олоон жил боллоо
Хаан заяат эрчүүд байхад алзахгүй дээ гэж
Хайран чиг олон жилийг үдэж өнгөрөөлөө
Харсаар байтал Азийн зүрхэн дэх сувд минь
Харлаж гундаад гэрэл нь бөхсөөр төд удлаа
Хангалттай гэдэг үгээр бамбай хийгээд
Ган илдээрээ тэр хувалз нартай би тэмцье
Үгийн хүчээр тэднийг жадлаад
Үр хойчдоо улсаа хүлээлгэе
Чадал чинь ердөө л энэ үү гэж бүү бас
Чангахан дуугарч чадахгүй ч
Алган чинээ цаасан дээрээ
Аянга ниргүүлэн та нартай уулзъя
Эцэг өвгөдийн халуун амь, биений төлөөсөнд ирсэн
Энэ Монголынхоо ширхэг чулуу, дусал усыг ч хайрлах учиртай
Эцэг өвгөдийн эрдэнэт амь, үнэт үйлийг
Эдүгээ бид үнэгүйдүүлэх учир үгүй
Эм хүн гэлээ ч би эх орны хүү
Эм хүн боловч би монгол хүн
Үрээ харамлах эхийн сэтгэлээр
Үнэт монголоо турьхан биеэрээ хамгаалах би бүсгүй хүн
Тэтгэрт тэтгэгдсэн эгэл монгол эмэгтэй
Тэвчээр заасан бүсгүй заяа
Талд ургаж, мөнхөд тэнгэр өөд ширтсэн
Танхилхан өссөн талын сарнай
Ээжийнхээ энгэрт зүүгдэж Эрхэлж өссөн юм болхоор Эргэх дөрвөн цагийн уртад Эх орон минь надад юунаас ч үнэтэй Эмээлийн зүг өөрчлөн өртөөлсөн ч Эрдэнэсийн сан шиг эх хэлээ та нар бүү март Ижийтэйгээ цуг өсөж торнисон юм чинь Эхийнхээ хэвлий шиг эх орноо бүү умарт Энэ сайхан хорвоо дэлхийд Ижийгүй хүн гэж байдаггүй юм Эх орноо хэрэв чи умартвал Ижийтэй хүнд өөрийгөө бүү тооц Ижилхэндээ ээж аавын хүүхдүүд Ээжээ гэж хэлд орохдоо Эх хэлээ тэд мэдэрдэг юм Эрээн барааныг үзсэний эцэст Эргэж буцдаггүй энэ ертөнцөд Эх орон, эх хэл, ижийтэй хүн гэдгээрээ бахархдаг юм.
Өнгөн дээрээ өрөм загссан
Өвгөн голын сүүн мандал
Хөх тэнгэр нүүрээ тольдсон
Хөгшин орхоны усан мандал
Зэгс ургамал нь нуураа чимсэн
Загас жараахайнууд нь нууцхан жаргасан
Азийн шувууд алжаал тайлан нутагласан
Арын хангайн алдар нэрээр овоглосон
Хангайн нурууны хөл нуур
Хойт далайн сав нуур
Тахилга тайлгатай танхил нуур
Тал хээрийн тэнгис нуур.
Өгий нуур өвгөдийн өгсөн нуур
Өгий нуур өнө эртний өгөөж нуур
Дайны бодлого боловсруулж чадсан
Дайтах ур ухаанд гаршиж сурсан
Цаад талаа гарцаагүй байдалд оруулсан
Цаг хугацааг онож орон зайг эзэгнэсэн
Эвтэй байхын эхийг эрхэмлэсэн
Энх цагийн эрэлчид байжээ их хаад
Цэрэг эрсийн урам хугалж зүрхлээгүй
Цээжний хонжоогоор байлдаж ялагдаж үзээгүй
Туурайндаа галтай хүлэг морьдын нуруун дээр
Тугаа өргөж онгодоо дуудан огшсон
Сэргэн мандалтын үеийн хэт цахиур
Сэтгэл зүйн их ангуучид байжээ их хаад
Уухайлан дайрахыг урлаг болгож чадсан
Урссан цусыг эх орны үнэд хадгалсан
Агт морьдын давхианд онилсоноо онож дадсан
Аравт зуут мянгат түмтээр дархан цохилт хийдэг
Олон ардын оройд нь гялалзаж
Орчлонд харвасан од шиг явжээ их хаад
Амьсгалаа дарж бүтэх учиргүй
Амаа барьж халаглах алдаагүй
Дахан доор бойжиж өссөн
Дэлхийг дотроо багтааж бодсон
Түмэн сэтгэлийг түүртэхгүй эрхшээдэг
Төгс агуу удирдагч нар байжээ их хаад
Ухааныг шүтэн уламжлалаа сэргээж
Улирах зуун зуунд ул мөр нь баларахгүй дурайж
Улс орнуудын үзмэрт хүндтэй байр эзэлж
Уудам дэлхийн түүхэнд улаанаар зурагдан мөнхөрсөн
Үхсэн ч амьд байгаа юм шиг дурсагдаж
Үүлэн тэнгэрийн дор үүрд нойрсож байна их хаад
Эрдэм чадлаараа эзэн хэмээн ямбалж
Эрээвэр санааг өөрийнхөөрөө хураангуйлж
Эмс хүүхний сайхныг өвөртөө оруулж
Эрх мэдлээ тогтоон ид хаваа гайхуулж
Амьд байсан цаг үедээ
Аатай явжээ их хаад
Тэнгэрийн хүчийг газарт давтсан
Тэнхээтэй гүрэн улс байжээ их монгол
Түүдэглэн ассан дөл шиг дүрэлзсэн
Тамиртай хүмүүс байжээ монгол эрчүүд
Заяа хийморь ньбадарсан
Золбоолог зоригтонгууд байжээ их хаад
Ард харцуудаа эд агуурсаар дутаахгүй байж
Албат нараа албан татвараар дарахгүй сууж
Баатар эрс жанжинуудаа бат хамгаалдаг
Балаг таригсдыг лав цээрлүүлдэг
Юм үзэж нүд тайлсан
Нүүр бардам мэргэд байжээ их хаад
Төрийн хэрэг түвшин байх ухаан уралдулж
Түмэн олны амгаланг батлан сахиж
Дорно өрнийг нүүдэлчдын буулганд сөгдүүлж
Дэлхий дахиныг түгшүүрийн дуунд дуудсан
Хууль цааз тогтоон
Хуудуугүй үнэнийг мандуулж байжээ их хаад.
ОМОГШИЖ БАРДАМНАН ШҮЛЭГЛЭЖ БАЙНА Ацтай хоёр шонгийн нарийн суран хэцэн дээр Алтай хангайг холбосан агаарын цэнхэр зам дээр Амраглаж дурласан хосын чин үнэн ч хайран дээр Агсарч цамнан давхисан эмнэг азарганы туурайн дээр Шандас хурдан хүлгүүд ээ Шаглаж урлан шүлэглэж байна Асрын өмнө дэвэх хүчит бөхчүүдийн далбаан дээр Аянга нижигнэн асгарах аадрын мөсөн мөндөр дээр Арилжиж хатиран жороолох жороо морьны явдал дээр Архинд халамцсан эрийн аархаж даналзах агсам дээр Алтан туурайт хүлгүүдээ Амилуулан ангалзуулан шүлэглэж байна Завхан Хүнгий голын нийлэх торгон уулзвар дээр Зогсоо хайрхан уулын сүүмэлзэх тэргүүн орой дээр Зогдорт хүрэн тэмээний ширмэн дөрвөн тавган дээр Засаж залгасан уурганы нарийн үзүүр залгаан дээр Шандаст хурдан хүлгүүд ээ Шагшуулан гайхуулан шүлэглэж байна Загийн шугуй ургасан Говийн торгон элсэн дээр Зулран хулжих хавтгайн тролзон жирийх бараан дээр Зандан хүрэн атнуудын тэшин жонжох алхаан дээр Зуузай холбон хурдлах зэрлэг тахийн тоосон дээр Зүс зүсмийн мрьдоо Зүслэн зүтгэн шүлэглэж байна Хардал жанжин бээсийн адуугаа манасан бэлчээр дээр Хангал буга хатирсан халхын хурдны төрцөн дээр Хөх толбот монголын малчны дугуй буйрин дээр Хөндий талаар жирэлзсэн бөхөнгийн хоёр эврэн дээр Хүлэг сайн морьдынхоо Хийморийг сэргээн шүлэглэж байна Хөх луу шиг хүржигнэж цахилгаан цахилсан тэнгэр дээр Хөвчийн өндөрлөгт нутаглах цаатан иргэдийн урцан дээр Хүдрийн заар сэнгэнэсэн тайгын ойн цоорхой дээр Хүслээ шивнэн захих ээж модны мөчир дээр Хүндэт хурдан хүлгүү дээ Хүндэтгэж магтан шүлэглэж байна Холын холд аялах хоёр хунгийн жигүүр дээр Халх цагаан гэрийнхээ хоёр тулгуур баганан дээр Хулаар дүүрэн айрагны аманд чимчигнэх амтан дээр Хаш цагаан гаансны уруул эсгэм дэншигэн дээр Хумбан дөрвөн туурайтнаа Хурайлан дуудан шүлэглэж байна Хан хэнтий хайрханы бэлтрэг улих өндөрлөг дээр Хан хөхийн сарьдагийн буга урамдах хөтөл дээр Хүрэн бүргэд өндөглөсөн хэцүү бэрх асган дээр Хөх чоно гөлөглөсөн энэ л сүрлэг сарьдагууд дээр Хүчирхэг монгол морио Хөөмийлөн хүнгэнэн шүлэглэж байна Хөндийн жавар тачигнасан тэсийн голын мөсөн дээр Хүн чулуу хөшнөөний нарлуу харсан элгэн дээр Хүрэн баавгай ичсэн хангайн битүү ширэнгэн ойд Хүн хүлэг хоёрын анх танилцсан тоолол дээр Хөнгөн дөрвөн туурайтнаа Хөлөглөн хөлслөн шүлэглэж байна Дөрвөн туурай нь тачигнасан монголын уудам тал дээр Дэлхийг донсолгож бөмбөрдсөн тэртээх зууны цуйраан дээр Дэлээ хийсгэн хурдалсан эрэмгий хүлгүүдийн шанхан дээр Дэнжээ хотойтол наадсан монгол наадмын дэвжээн дээр Дээшээ хийморьтой хүлгүүд ээ Даллаж дуудан шүлэглэж байна Онгон говьдоо цахилсан ороо хулангийн дэлэн дээр Орой нь мөнхийн цастай Отгон хайрханы нүүрэн дээр Олон түмэн агтны түжигнэн давхих чимээн дээр Омог бардам монголын дэлгэсэн тэрлэг шиг нутаг дээр Омголон хүлэг морьдоо Омогшиж бардамнан шүлэглэж байна Монголын хаадын хураасан их гүрний түүхэн дээр Могол шарын давааны багана босгосон өндөрлөг дээр Морин хуур хөгжмийн хоёр хялгасан утсан дээр Мөлхөө жаалхан хүүгийн зүүмэл хөөрхөн хонхон дээр Монгол морьны түүхийг Магтан дуулан шүлэглэж байна Цагаан сүүгээ өргөсөн монгол ээжийн цацал дээр Цал буурал өвгөдийн цагаан сахалны ширхэг дээр Цэгээн хаш хөөрөгний алтан нуухтай шүрэн дээр Цагаан шонхор шувууны бардам хоёр сарвуун дээр Цулбуурт хурдан хүлгүүдээ Цуурайтуулан цоллон шүлэглэж байна Саам ханхалсан зэлнээс уяатай унаганы ногтон дээр Саальчин монгол бүсгийн самарсан сүүний хөөсөн дээр Салаалж сүлжсэн гэзгэний тахим давсан үзүүр дээр Саяхан төрсөн нялхын өмөлзөх хөөрхөн хошуун дээр Сайвар хатир морьдоо Салхилуулан эсгэрэнхэн шүлэглэж байна Ургах улаан нарны цацраг бүхний тусгал дээр Унтах шөнөөр мандах тэргэл сарны туяан дээр Урлаж мэтгэсэн дээлний уран гоё эмжээр дээр Унаач жаахан хүүхдийн жингэнэх нарийн гийн гоо дээр Удамт хурдан хүлгүүдээ Уухайлж өндөлзөн шүлэглэж байна Жаргал зовлон ээлжлэх замбуу тивийн тавилан дээр Жаахан шаргыг шуранхайлсан нарийн сайхан хоолойн дээр Жонон харыг бөмбөлзүүлсэн хуурын чамин датлага дээр Жороо хатир уралдсан хүй мандлын дэвжээн дээр Жаахан шаргын удмуудаа Жаргууланхан халигуулан шүлэглэж байна 2015 ОНЫ 12 САРЫН 30НД САРТУУЛ Б,Улаанхүү Багануур хот нэгэн шүлгийг ихэрлүүлэн бичсэн бөлгөө
Айраг хяргас нуурын цалигах цэнхэр мандал дээр
Ангамал хөдөө ургасан алтан харганы хальсан дээр
Амуу тариа шиг шаргалтсан цагаан түнгэний дэрсэн дотор
Агь ханхалсан говийн хуурай цэвэрхэн хөрсөн дээр
Шандас хурдан хүлгүүд ээ
Шаглаж урлан шүлэглэж байна
Завхан Хүнгий голын нийлэх торгон уулзвар дээр
Зогсоо хайрхан уулын цэнхэртэх тэргүүн орой дээр
Зогдорт хүрэн тэмээнүүдийн цуврах зөрөг жимэн дээр
Засаж залгасан уурганы нарийн үзүүр залгаан дээр
Шандаст хурдан хүлгүүд ээ
Хардал жанжин бээсийн адуугаа манасан бэлчээр дээр
Хангал буга хатирсан халхын хурдны өлгий нутаг дээр
Хөх толбот монголын малчны дугуй буйрин дээр
Хөндий талаар жирэлзсэн усан цэнхэр зэргэлээн дээр
Хүлэг сайн морьдынхоо
Хийморийг сэргээн шүлэглэж байна
Хөвсгөл цэнхэр далайн цэнхэрлэн тунарах нууран дээр
Хөвөгч усан онгоцны жуулчин цуглах талбай дээр
Хүдрийн заар сэнгэнэсэн хорхой хүргэм хөвч дотор
Хүслээ шивнэн захих ээж модны мөчир дээр
Хүндэт хурдан хүлгүү дээ
Хүндэтгэж магтан шүлэглэж байна
Дөрвөн туурай нь тачигнасан монголын уудам тал дээр
Дэлхийг донсолгож бөмбөрдсөн тэртээх зууны цуйраан дээр
Дэлээ хийсгэн хурдалсан эрэмгий хүлгүүдийн шанхан дээр
Дэнжээ хотойтол наадсан монгол наадмын талбай дээр
Дээшээ хийморьтой хүлгүүд ээ
Даллаж дуудан шүлэглэж байна
Онгон говьдоо цахилсан ороо хулангийн дэлэн дээр
Орой нь мөнхийн цастай Отгон хайрханы нүүрэн дээр
Одод хараван гялс хийх тэрхэн чөлөө завсар дээр
Омог бардам монголын дэлгэсэн тэрлэг шиг нутаг дээр
Омголон хүлэг морьдоо
Омогшиж бардамнан шүлэглэж байна
Загийн шугуй ургасан Говийн торгон элсэн дээр
Зулран хулжих хавтгайн тролзон жирийх бараан дээр
Зандан хүрэн атнуудын тэшин жонжох алхаан дээр
Зуузай холбон хурдлах зэрлэг тахийн тоосон дээр
Заяа буянаар учирсан хүлэг сайн морьдоо
Зальбарч мөргөн шүлэглэж байна
Монголын хаадын хураасан их гүрний түүхэн дээр
Монгол шарын давааны багана босгосон өндөрлөг дээр
Морин хуур хөгжмийн хоёр хялгасан утсан дээр
Мөргөл үйлдэх сүмүүдийн хоёр согооны зүрхэн дээр
Монгол морны түүхийг
Магтан дуулан шүлэглэж байна
Хан хэнтий хайрханы бэлтрэг улих хавцлууд дээр
Хан хөхийн сарьдагийн буга урамдах хяр дээр
Хүрэн бүргэд хөөрөх нэргүй өндөрлөг байцан дээр
Хөх чоно гөлөглөсөн энэ л сүрлэг сарьдагууд дээр
Хүлэг хүлгийн удмыг
Хөөрөн баясан шүлэглэж байна
Асрын өмнө дэвэх хүчит бөхчүүдийн далбаан дээр
Аянга нижигнэн асгарах аадрын мөсөн мөндөр дээр
Арилжиж хатиран жороолох жороо морьны явдал дээр
Архинд халамцсан эрийн аархаж даналзах агсам дээр
Алтан туурайт хүлгүүдээ
Амилуулан анхааруулан шүлэглэж байна
Хөндийн хүйтэн тачигнасан идэр еөсийн жавран дээр
Хүн чулуу хөшнөөний нарлуу харсан элгэн дээр
Хүрэн баавгай ичсэн хангайн битүү ширэнгэн ойд
Хүрхрэн шавах буурын хөлдөж хүрээлсэн шаваан дээр
Хөнгөн дөрвөн туурайтнаа
Хөлөглөн хөлслөн шүлэглэж байна
Саам ханхалсан зэлнээс уяатай унаганы ногтон дээр
Саальчин монгол бүсгийн самарсан сүүний хөөсөн дээр
Салаалж сүлжсэн гэзгэний мөнгөн даруулга хавчаар дээр
Саяхан төрсөн нялхын өмөлзөх хөөрхөн хошуун дээр
Сайвар хатир морьдоо
Салхилуулан эсгэрэнхэн шүлэглэж байна
Ургах улаан нарны цацраг бүхний тусгал дээр
Унтах шөнөөр мандах тэргэл сарны туяан дээр
Урлаж мэтгэсэн дээлний уран гоё шаглаан дээр
Унаач жаахан хүүхдийн жингэнэх нарийн гийн гоо дээр
Удамт хурдан хүлгүүдээ
Уухайлж өндөлзөн шүлэглэж байна
Жаргал зовлон ээлжлэх замбуу тивийн тавилан дээр
Жаахан шаргыг шуранхайлсан нарийн сайхан хоолойн дээр
Жонон харыг бөмбөлзүүлсэн хуурын чамин датлага дээр
Жороо хатир уралдсан хүй мандлын дэвжээн дээр
Жаахан шаргын удмуудаа
Жаргууланхан халигуулан шүлэглэж байна
2015 ОНЫ 12 САРЫН 30НД САРТУУЛ Б,Улаанхүү Багануур хот
Хүн, чулуу хоёр адилхан Бүдэрч босохын орчлонд Хүйгээсээ эхэлж бид Тасарч бүдрэн тийчиж босдог оо... Хөмсөгний минь зай шиг Бурхан чөтгөр хоёрын хил дээр Тархиараа бүдэрч хүйтэн халуун он жилийн урсгалд Амьтай амгүй бүдэрчихдэг ээ... Даль нь шархтай шувууд минь Газартаа биш гарт бүдэрсэн юм аа Тургилдсан азарга адуу минь Талдаа биш чөдөрт бүдэрсэн юм Дэндүү сайн санаат явсан өвөөг минь Цагийн муу бүдрүүлсэн юм аа... Бүдрэх юмгүй болтлоо Бүдэрч явааг нь харах бүрдээ Босно доо гэхээс Бурхан эх оронтой доо би бардам байдаг аа... Хаяарах тэнгэргүй нутаг Олшрохын дайтай орчлонд Хаан суудалт эх орноосоо Холдож бид бүдрээгүй ээ... Харах тусмаа хямгаддаг бол Морьтойгоо бид бүдрэхгүй Хайрлах тусмаа хамгаалдаг бол Монголтойгоо бид бүдрэхгүй ээ... Ямар байсан ч бид Монголоо гэсээр Бүдэрч, босдог юм билээ Муугаар үнэсүүлж Босч,бас бүдэрдэг юм билээ Муруй шулуун зам дээрх Бүдэрч босох хоёр үгийн хувилбар нь Бид юм билээ Бид өөрөө орчлон юм билээ... 2007.7.20
Дэргэд нь очоод хараад байвал Дээшээ харуулсан еүмбүү ч юм шиг Дэлгэсэн хадган дээр тавьсан ч юм шиг Дэлхийд өргөсөн өргөл ч юм шиг Давхар гуутай бурхан ч юм шиг Далдыг хардаг хайрхан ч юм шиг Домог түүхээ ярьдаг ч гэмээр Догшин эзэнтэй хайрхан баймаар Даншиг наадмаар тахилга өргөж Даян түмэн эх төрүүлж байгаа нь Дээрээс хардаг эзэнтэй гэмээр Доороос түшдэг түшмэлтэй гэмээр Домогт сартуулын Сар хайрхан Дилов хутагтын нутгийн хайрхан Ороо зэрэглээ давлгаалсан тал дээр Онцгойр ч тогтсон ганц хайрхан Олон түмэн нь зальбар ч мөргөсөн Онгон тахилгатай Сар хайрхан уул Салхи эсгэрсэн сайртай тал дээр Сансар огторгуйг ширтэн дүнхийж Сартуул түмний билгийн мэлмийг Солонгоруулж байдаг сар хайрхан Буурал өвгөдийн минь шүтээн уул Бууриар тамгалсан өвөөгийн нутаг Багаасаа дассан миний л нутаг Буурал хайрхан Сар хайрхан уулаа
2015 оны 12 сарын 23 сартуул Б.Улаанхүү Багануур хот
Саарал чонын гүймэгхэн харцанд
Салхинаас бусад нь зугтаж чаддагүй хэлцдэг
Сэтгэл итгэл хоёр алдархаар
Санааны зоргоор шүүрээд авахад хэцүү гэдэг
Хүү нь эхдээ гомдож гэнэ зайлуул
Хүслийг нь гүйцээгээгүй гэж тэр юм байлгүй
Аав нь охиндоо гоморхож гэнэ зайлуул
Аяга тагш юм ардуур урдуур нь дүхүүлээгүй юм байлгүй
Авайл энхэртээ харин талархах сэтгэлтэй явдаг гэнэ
Аргалын цогонд борогшсон хоормогхон ундаа дүхүүлдэг болохоор тэр юм байлгүй
Араггүй биздээ энэ басган чинь ханийн тэнгэр, үрийн заяаг нь залгуулсан нь үнэн болохоор
Амссан идээгээ зугаа болгож
Амандаа тавиул мал шиг бултагнуулж байгаа энэ басганы
Араа шүд нь анзаарч үзвэл
Агсам эрийн алхаа шиг
Арын энгэрийн модод шиг л болчихсон юм зайлуул
Тэгээд зогсохгүй бас энэ басганыг
Цочимог нарны туяа
Цог золбоог нь бөхөөж
Цовоо сэргэлэн зангыг нь
Цулбуурдан байж авчихаад
Хар тогоондоо хүртэл
Халтирч хөл алдсан эмгэн болгочихсон юм
Араг савараа чирсэн
Амьтны нүдэнд ч торохгүй энэ эмгэнийг
Хөх аргалын жимээр хүчээ тарамдуулж сажилхыг нь хараад
Хүн л юм бол та нар
Хүндлэн нэг бодлогшилдоо өнжүүлээч
Хөхөөн дуу цуурайтхыг ч
Анзаарах ч чадалгүй болчихсон чагванцын
Хүсэл сэтгэл хоёр нь
Хүний эрхэнд ороод
Хүч зүтгэл хоёр нь ч бас
Нутгийн эрхэнд орчихсон юм
Найрын ширээг хойморлож
Нартад энэ эмгэн жаргахаас илүү
Намрын өдрүүдийг биеэдээ шингээж
Намблагхаан зулын бадмаанд
Зуур зуур цайгаа оочиж
Зүг ширтэн суухыг илүүд үзсэн юм
Ингэж суухдаа энэ эмгэн
Энэлэх сэтгэлдээ юу эсийг тунгааж суухав
Элбэрэл хайраа үрсдээ зориулах илүү их насыг
Ивээлт нарны туяанаас
Эгнэгт сүслэх шүтээнээсээ л гуйж суугай байлгүй ...
Ийм л эхээс бид төрдөг юм
Ийм л эмгэний үр ач болдог юм
Үгүйлэх юмгүй мэт санагдаж болох ч
Үгүйсгэж бас хэнч үнэнийг хэрж чаддаггүй
Угтаа бас мартаж болох үнэн болохоор
Өршөөлт энэ эмгэний үрс гэдгээ мартдаггүй юм
Тиймээ бид тэнгэр газрын савслагт
Тэнхээ мэдэн төрүүлсэн
Тэрлэг нимгэн ч сэтгэл дүүрэн эхийнхээ
Түмэнд тольдогдох ачит сэтгэлийнх нь
Төгөлдөр сайхан ярууд нь уярч уясаж торнидог юм.
Бууцан дээр минь эргэцэж Тоонон дүрсэнд нисдэг Босож суухын чөлөөнд ч Тэнгэр газрын дэгийг зурдаг Сүүн хошуугаараа хүнс зөөн Үрээ үнэсэж тэжээдэг Сүүдэр гэрлийн далиа дэлгэсэн Шувууд минь... Налайсан тал намуухан толгодоор Өд нь хаяа харагддаг Нүдэнд өртсөн тэр өд нь Хөмсөг шиг сэрвэлздэг, Эзнээсээ хагацаж уйлсан энэ өд Шувууных гэдэг нь гарцаагүй Өдрөөс өдөр уйлж яваа олон шувуу Миний өд гэхэд буруугүй ээ... Сая сая жилийн тэртээд Хорвоо өглөгч байв уу гэлтэй Хормой энгэрээ дэлгэж Хорогдож өөрөө авчисан... Сайхан зөгнөлөөр ч олдомгүй Бахдал түүнээс цухалздаг нь Санахаас шувууд минь Бэлэг Дэмбэрэл нь байсан ч юм уу даа... Гандуу байдаг цаг хугацаанд Дасах гэж бид хэчнээн оролдлоо Гараараа зааж боломгүй шувуудаа Хайрлахгүй бид яалаа Гараг эрхэст гарах гэж хүн төрөлхтөн Онгоц солироо ч нисгэлээ Ганц шувуу шиг л байж чадаагүй Галаваа ч дундалж орхилоо... Оньс мэт маргаашаа нээх гэж Түлхүүрээ бид их удаан эрлээ... Од шиг олон шувуудаа харсаар байж Ухаарсан гэдгээ мэдээрэй Орон байргүй орчлонгоо Мөнх мөнх бус гэж Сэтгэлээ бид их зүдрээлээ... Оюут мэргэн шувуудад минь Тунхаг нь байдагт итгээрэй Бууцан дээр минь эргэцэж Тоонон дүрсэнд нисдэг Босон суухын чөлөөнд ч Тэнгэр газрын дэгийг зурдаг Сүүн хошуугаараа идээ зөөн Үрээ үнэсэж тэжээдэг Сүүдэр гэрлийн далиа дэлгэсэн Шувууд минь...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Гуталчин Хэмжээс: 476x600 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4236
erd-032.JPG Хэмжээс: 600x450 54k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4467
khuv5-025.JPG Хэмжээс: 600x450 60k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3719
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: