|
|
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Хайх
Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...
|
Шүлэг: Шагж Гэлэн: Эхнэргүй 40 хүрэх гэж яваа зарим найзууддаа
Оруулсан admin on 2018-02-06 21:59:58 (3722 уншсан)
Заяаны юмаа түшилдээ найз минь
Завсарын юм налж унасаар байгаад
Наад залуу нас чинь
Навч шиг хийслээ
Хамаг залуу нас чинь
Хадаас шиг зэвэрч гүйцлээ.
Толгойны чинь ус бууралтах нь
Төмсгөндөө хүүхэд чинь өтлөх нь
Хотын утаа үзэх гэж бус
Хүүгийнхээ утааг үзэх ижий чинь ирсээн.
Анд минь чи амьдралаа бодооч
Аяга бантан хутгаж өгөх амрагаа олооч
Алийн болгон чи бэлэн гоймон идэж
Авдарт мартагдсан торго шиг сэмэрч явах юм бэ
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шагж гэлэн )
|
|
Бусад: Шагж Гэлэн: Хэзээч мартагдашгүй миний хоёр дахь хайр
Оруулсан admin on 2018-02-06 21:56:06 (4007 уншсан)
Тоонон дээгүүр ангир ганганалдаад хавар иржээ. Манай нутагт багад яасан ч их цахлай ирдэг байсан юм. Гуага гуага гэж муухай орилолдоод л. Хоол унд муутай ядарч явахад цахлай орилоход тархи шуугиад там шүү. 100мм-н хадаасыг мяндсаар оосорлоод толгой дээгүүрээ эргүүлж байгаад цахлайруу шиднэ. Цахлай алах гэж байгаан.
Бөөн цахлайруу аанай л нөгөө хадаасаа эргүүлж байгаад шидтэл пирр гээл ниссэн бужигнаан дунд нэг охин орилоод уналаа шүү. Харайлгаад очтол манай нөгөө ангийн охин. Байхгүй ээ нөгөө хадаас чинь охины пальтог нэвт хатгаад баруун мөр хавьцаа нь онож. Хөөрхий тэр охин нүүрээ дарчхаад уйлаад суугаад байх. Хажууд нь баахан суулаа.
Би: Өвдсөн үү... /угаасаа л өвдийшдээ тэнэг асуулт асууж байгаан/
Охин-аанхаа гээл толгой дохиж байна.
Би:Цус гоожиж байна уу, цаашаа орсон болов уу.
Охин: Мэдэхгүй гээд мөрөө хавчив.
Би: Тайлаад харах уу.
Охин: Үгүй ээ.
Өөр ч олон юм ярьсангүй. Яаж тархи толгойг нь оночхоогүй юм гээд үлээгээгүй шаар лугаа миний давчуу цээж бэлбэгнэж байлаа.
Нөгөө охин босоод явчихав. Аав нь захиргаанд ажил хийдэг том биетэй хүн бий. Маргааш би алуулсан гэж бодохоос дотор харанхуйлна.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад
| Оноо: 0/0 | Зохиогч : Шагж гэлэн )
|
|
Өгүүллэг: Доржхандын Төрмөнх: Нэг орой нэг өглөө
Оруулсан admin on 2018-02-06 21:46:14 (2942 уншсан)
Бороо үл мэдэг шивэрсэн намуухан орой байлаа. Агаараас чийг ханхлаад эргэн тойрон нэг л нам гүм ажээ.
Мэргэн амралтынхаа мөнгийг өвөртлөөд оройхон харих гээд явж байтал нэг хогын цэгийн хажууд муу хувцастай хоёр хүн хоорондоо зодолдож байхтай таарлаа.
Тэр хоёр хариугүй бие биенээ алж мэдэхээр зууралдах бөгөөд хог түүдэг улс болтой.
-Чи муу хэн бэ? Худлаа пээдийгээд хэмээн нэг нь хашгирах бөгөөд нөгөөх нь мөчөөгөө өгөхгүй үзэлцэх зуураа:
-Хэн нь пээдийгээд байгаа юм бэ? Чи өөрөө пээдийгээд байгаа биз дээ муу лалараа …
хэмээн хариу үйлдэл хийхэд өнөөх туранхай эрийн хамраас цус сад тавин урсахад тэрээр улам чарлан барьцалдаж авлаа.
Мэргэн хажуугаар нь өнгөрөхдөө салгах гэж үздэг ч юм билүү гэж хэсэг харзнаад за за гайгүй биз гээд явж одов.
Түүний ард тэр хоёрын дуу хадсаар л байлаа. Хэн нэг нь нөгөөдөө томорч пээдийсэн тухай л хоолой мэдэн чарлах бөгөөд өнөөх нь чи өөрөө пээдгэр гэх л тэр хоёрын хэрүүлийн гол үр нь болтой.
Бүрий болж харанхуй гудмаар явахад төвөгтэй болсон байсан болохоор Мэргэн үнэтэй костюмаа шиврэх бороонд норгохгүй гэж ч бас яарангүй алхах ч нам гүм орой өнөө хоёрын пээдгэрийн тухай хашгираан алаан яг л кино театрт гарч байгаа киноны дуу шиг цуурайтан сонсогдсоор ажээ.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Сүүлчийн бороо
Оруулсан admin on 2018-02-06 21:40:56 (4730 уншсан)
Хүн төрөлхтөнд заналхийлсэн олон гамшиг дундаас “Дахин хэзээ ч бороо орохгүй. Энэ өглөө ертөнцөд сүүлчийн бороо орно” гэсэн цаг агаарын мэдээ бүгдийг хирдхийлгэв. Нар дахин мандахгүй гэхэд эвлэрч мэдэх байсан хүн төрөлхтөн харин “Бороо дахин орохгүй” гэсэн үгийг зүрхнийхээ угт хашгиран хүлээж авсан юм. Бүх сонин хэвлэл, телевиз радио борооны тухай мэдээллээр хахаж “Байгаль ээжийн бэлэглэсэн энэ гайхамшгийг бид өмнө нь яагаад анзаарч, ойшоогоогүй байсан юм бэ” хэмээн дуу алдацгаав. Зурагчид, телевизийн зураглаачид энэ өдөр л ур чадвараа харуулахаар шийдэж, хожим тэнгэрт хадсан үнэ хүрэх сүүлчийн борооны дусал болгоныг дурандаа буулган авахаар мэрийнэ.
Сүүлчийн бороо эхлээд зөөлхөн шиврэн байснаа аажимхан том том ширхэгээр солигдож, бүхий л ертөнцийг усанд авахуулахаар яарах мэт битүү нэгшин асгарав. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс бороотой ханьссан дурсамжаа тээн гудамжиндаа гаран шуугилдаж, сүүлчийн борооны эс ширхэг бүрийг биедээ шингээхээр хөл тавих зайгүй шахам түлхэлдэнэ. Бүгдийнх нь нүүр тэнгэр өөд ширтэж, амандаа “Бороо бороо бороо” гэсэн үгсийг өөр өөрийн хэл дээр шивнэнэ. Хүмүүс бороотой салах ёс хийхдээ борооны ширхэг, дусал бүрийг амтлан үзэх ажээ. Төрж амжаагүй хэвлий дэх үрээ бороо гээч гайхамшгийг үзэж амжихгүйнх нь төлөө харамссан ээж нар уйлж байсан юм. Бороо орж байхад анх учирсан хосууд дурсамжаа задлахаар бие биенээ хайн тэмүүлж, олны хөлд даруулчих шахан гүйлдэнэ. Хүүхдүүд бяцхан алгаа тосон хөөрөн дэвхцэж, “сүүлчийн бороо, сүүлчийн бороо” хэмээн хашгирна.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Болор-эрдэнэ Х )
|
|
Өгүүллэг: Цэндийн Доржготов: Гүү барих өглөө
Оруулсан admin on 2018-02-06 21:35:54 (4063 уншсан)
Адууны үнэр гэнэт ханхийгээд намайг сэрээчихэв. Ах адуугаа цуглуулаад гадаа хураачихжээ. Гэрт надаас өөр хүн алга, манайхан бүгд гүүн зэлэн дээр дуу шуу болж, эмнэг унага чарлаж, адуу мал унгалдан шуугилдана. Би таг унтчихсан байв. Даанч би өчигдөр үдэш, “маргааш гүү барина” гэх сургаар, хүүхэд хүүхдээс дэндүү хөөрч хөөрцөгдөөд унтахгүй, аав ээждээ зэмлүүлсэн бил үү?..
Миний нас зургаа, нэр Очир. Гүү барина гэхэд миний хөөрсний учир гэвэл, өнөөдөр гүүн зэлний уралдаанд айлынхаа хоёр охинтой би уралдах болсонд хамар учир оршиж байв. Тэр хоёр охин надаас нэг хоёр насны эгч ч гэлээ, би тэднээс өөрийгөө хавьгүй том гэж бодож явсан цаг. Манай хот айлын хүүхэд гэвэл, ердөө л бид гурав юм чинь, өнөөдрийн уралдааныг бодохоос миний инээд хүрээд болдоггүй. Тэр муу хоёр охин намайг яаж бараадахав? Гэхээс сэтгэл догдлоод ер болж өгдөггүй, байж ядахдаа би хот айлынхаа гэр гэрт дахин ахин орж, хаалга үүдийг нь онголзуулан, хүмүүсээс,
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Өглөө
Оруулсан admin on 2018-02-06 21:32:04 (4642 уншсан)
Тэнгэрийн хаяанаас цайсан үүрийн гэгээ араасаа шар туяа дагуулсаар цонхоор тусаж өрөөгөөр нэг тархахын алдад би тав тухтай нойрноосоо сэрлээ. Нойр ханажээ. Хэдийгээр босох арай болоогүй ч нэгэнт нойр сэргэсэн тул орноос босоход харамсахааргүй болж.
Босож салхивчаа онгойлготол зуны өглөөний цэнгэг агаар багтаж ядан орж нүүр илбэн үлээнэ. Агаартай хамт моддын сэрчигнээн, шувуудын жиргээн өрөөгөөр нэг сүлэлдэх нь уяран дуулмаар хөгжимийн айзам гэлтэй. Эр бор харцага жигүүрхэндээ хүчтэй гэгчээр модны мөчирнөөс хумсынхан чинээ сарвуугаараа лавтайхан атгасан хэдэн болжмор ургах гэгээг угтаж, хоорондоо уралданхан хоолойныхоо хэрээр жиргэх нь түүнд оногдсон ямар их хувь тавилан бэ.
Энэ бол өглөө. Өглөө гэдэг сайхан байх нь мэдээж боловч энэ өглөө яагаад ч юм юутай сайхан, юутай тансаг, юутай өөр.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Шүлэг: Ширчингийн Сүхбаатар : БАРИНТАГТ СУДРЫН НЭРТЭЙ БАНЗРАГЧИЙН ХҮҮ БАТЧУЛУУН ТАНЬД БАРИХ ШҮЛЭГ ИНУ
Оруулсан admin on 2018-02-06 11:56:46 (3152 уншсан)

БАРИНТАГТ СУДРЫН НЭРТЭЙ БАНЗРАГЧИЙН ХҮҮ
БАТЧУЛУУН ТАНЬД БАРИХ ШҮЛЭГ ИНУ.
Болзол үгүй хорвоогийн үхэлтэй 40 жил тулалдаж
Борхон заяат түмэнтээ наслахын баяр бэлэглэсэн
Анагаах эрдэмийн шидийг их сургуульдаа эзэмшиж
Ахиулах дээд дамжааг Орос Японд мэргэшсэн
Тархи мэдрэл мэс заслын Тэргүүлэх зэргийн эмч
Түмний энхийн манааны Хүний гавьяат цолтон
Чулуутын гүн хавцлын галт уулын эрчимтэй
Чухаг цаг тулахад халирч буцахгүй зоригтой
Уураг тархины голомтот өвчнийг сөгтгөн номхотгож
Ухаантны дээд нөхөдтэйгээ Төрийн соёрхол хүртсэн
Лагшин тунгалаг оюуны саруулсах замын хөтөч
Лавай цагаан сарны дор Шастины эмнэлгийн “сахиул”
Уярам хайрын сэтгэлээ Далайн Даникадаа зориулсан
Улсын клиникийн профессор, зөвлөх суудлын эзэн
Ууган хүү Батболддоо уураг тархины дуран авиагаа өгч
Удаахь хүү Баярсайханаа төрийн албанд зүтгүүлсэн
Нарийвчилж шунасан эрдмээрээ ази дэлхийдээ шилэгдсэн
Наашлах цагийн алдар нь Хөдөлмөрийн баатар Батчулуун.
Хууль зүйн ухааны доктор /PhD/ Ширчингийн Сүхбаатар
2017.1.5
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Сүхбаатар Ширчин )
|
|
Өгүүллэг: Агвааны Дэнсмаа : Жижиг өвөө /Өгүүллэг/
Оруулсан admin on 2018-02-05 12:54:45 (4392 уншсан)
Зохиолч: Агвааны Дэнсмаа
Баттулга аян замын явдалд нилээн агсагдаж ядарсан ч гэлээ зорьж ирсэн нутаг хошуу, уул усыг харж сэтгэл нь сэргэсэн янзтай том хүү рүүгээ харан зорьсон хэргээ гүйцэлдүүлсэн хүн шиг баяртай мишилзэв. Баттулгын эхнэр хүүхдүүд машинаасаа майхан сав хөнжил пүүгээгээ буулган бужигналдаж, хаана майханаа босгохоо ярилцаж буй бололтой. Энэ нутгийн уул ус, булаг рашаан нь түүнийг хэзээ ч ирсэн тайван амгалан байдаг тэр л янзаараа угтаж, ''Хүү минь хүрээд ирэв үү, овоо доо!'' гэх шиг налайна. Зуны сүүл сар тул хангай дэлхий ногоорон цэцэгс найган эргэн тойрон шувуудын жиргээ сонсогдож, жаргаж буй нарны туяанд бүх юмс солонгорон байх шиг санагдахад тэртээ бага нас нь бодогдов. Өдийд үхрийн зэлэн дээр утаа май суунаглан эмээ нь: - Миний хүү тэрний тугалыг тавиарай, энийг нь татаарай! гээд их л сурамгай хөдлөн үхрээ сааж байдагсан. Оройн хонь, жаргаж буй наран дор алгуурхан дөхөж ирдэгсэн. Энэ бүхэн одоо нүдэнд нь үзэгдэхгүй ч сэтгэлд нь тодоос тод хадгалагдан үлджээ.
Баттулга улсын байгууллагад санхүүгийн ажилтнаас удирдах албан тушаалд дэвших хүртлээ олон жил ажиллаж, байгууллага, хамт олондоо нэр хүндтэй нэгэн байлаа. Тэтгэвэртээ суугаад удаагүй байгаа тул хөдөө гадаа ч явж амжилгүй их л удсанаа сая анзаарав. Ажилтай байх үедээ өөрийн зуслан энэ тэрхэнд гарах, их л холдвол ойр зуурын амралтын газраар цөөн хоног эхнэр хүүхдүүдтэйгээ явдаг байсныг эс тооцвол ойрын хэдэн жил ингэж хөдөө нутаг руу хүлгийн жолоо залаагүй юм байна шүү гэж хүртэл бодов.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Бусад: Ширчингийн Сүхбаатар : "Монгол төрийн мэргэн өвөө" номноос
Оруулсан admin on 2018-02-05 12:54:45 (4007 уншсан)
САЙН НОМЫН ХИШИГ
Энэхүү номын зохиогч Ширчингийн Сүхбаатар бол хуульч, сэтгүүлчийн хос мэргэжилтэй хүн. Ийм хүнийг манайхан “хос морьтой хүн” гэж зүйрлэн хэлэх нь байдаг.Үнэхээр эзэмшсэн мэргэжил морь юмсан бол Сүхбаатар маань хуульч, сэтгүүлч гэсэн хос мориороо эн тэнцүүхэн зуузай холбуулан давхиж яваа хүн. Тэрбээр 1982 оноос хууль хяналтын байгууллагад ажиллаж, салбарынхаа тэргүүний ажилтан болж, улсын хэмжээний тэргүүний сайчуудын зөвлөлгөөнд оролцож, чухамдаа мандаж явсан. Энэ тухайд нь Төрийн соёрхолт яруу найрагч Дөнгөтийн Цоодол: “Манай Сүхбаатар хуулиндаа тун яггүй янзтай юм билээ. Мэргэжил нэгтэй хүмүүсийн хэлэх нь түүнийг шударга, шаргуу бүтээлч хуульч гэдэг юм. Гэхдээ ном зохиол бичиж нийтлэх талдаа ч хоосонгүй хүн. Бага, залуудаа хөөрхөн шүлэг бичиж байсан юм. Одоо хэд хэдэн аятайхан ном биччихлээ” гэж хэлж байсан.
Сүхбаатар баримтат нийтлэлийн хэдэн сайн номтой, урлан бүтээх арга нь номноос номонд улам чамбайрч, сайжирсаар байна. Түүний номнуудаас Монгол төрийн алдартай зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн тухай бичсэн энэ ном үнэхээр ялгарч байна. Энэ бүтээл зөвхөн бүтээгчийн бүтээлүүд дотроос ялгарч байгаа төдий биш, ерөөс орчин цагт бичигдэж байгаа олон номон дотроос онцгойрон жин дарж байна. Энд баримтыг маш хянуур нямбай цуглуулжээ. Үүнийг бүтээхдээ Сүхбаатар цагтай уралдаж, цагаас өрсч явжээ. Самбуу гуай бол 19, 20 дугаар зууныг дамжин амьдарсан, монголчуудын дунд домог болон үлдэж байгаа төрийн зүтгэлтэн. Түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс цагийн саалтаар улам цөөрсөөр байна. Иймээс хүнийг нэг нэгээр нь авч оддог тэрхүү сансрын цагаас өрсч Сүхбаатар номынхоо баримтуудыг цуглуулан эмхэтгэжээ.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад
| Оноо: 0/0 | Зохиогч : Сүхбаатар Ширчин )
|
|
Шүлэг: Ц. Чимэддорж: Би майга
Оруулсан admin on 2018-01-31 19:16:20 (9274 уншсан)
Би морь унаж майга болсон Монгол
Суунаг ногоон талд ханаан дугуйлах шиг майга
Суран бугуйл тэнгэрт гогцойрох шиг майга
Халхын их занабазарын хадан дээрх мөр шиг майга
Хацар гоо охидын хар саран хөмсөг шиг майга Би майга
Дугараа эргэх шиг майга
Морьд эргэх шиг майга
Уяаны мод шиг майга
Уяачид шиг майга
Хэлхэгэр халхагар бөхчүүд шигээ майга
Хэлсэн ч майга хэлээгүй ч майга Би майга
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Б. Цоожчулуунцэцэг: Нулимс
Оруулсан admin on 2018-01-31 18:54:04 (3437 уншсан)
Охин тун их сандарч байлаа. Орог саарал ханаар тусгаарлагдсан навтгар байшин, үргэлж “Болохгүй, бүтэхгүй” гэж зандарч байдаг асрагч багш нар, хүний нүднээс нуугдаж шоглодог, шоолдог хүүхдүүд, хамгийн гол нь “Асрамжийн хүүхэд” гэдэг нэрнээсээ тэр салах боломж олдож байгааг мэдрэн сандарч эхлэв. Тэрбээр дүүгийнхээ толгойг илэн хацар дээр нь зөөлхөн үнсээд
-Битгий л уйл л даа. Энэ хүмүүс биднийг голчихвол яах юм бэ? Гуйж байна. Хэрвээ чамайг уйлаад байвал эд биднийг тоохгүй яваад өгнө шүү дээ. Тэгээд өөр хүүхдийн аав ээж болчихно хэмээн аргаа баран амандаа үглэж байлаа. Гэвч дүү нь уйлсаар...
Асрах газраас нэг айлын хоёр хүүхэд өргөж авна гэж ирсэн ахимаг насны хөдөөний хоёр эхэр татан уйлах дүү рүү нь анхааралтай харж
-Ямар чанга уйлдаг хүүхэд бэ? гэж хоорондоо ярихыг сонссон охины толгойд “Бүх зүйл талаар өнгөрч байна. Биднийг тоохгүй байна. Энд, дахиад л асрах газар үлдэх нь гэсэн харамсал буцлаад ирэв. Тэр дүүдээ хайртай. Гэхдээ ээжийгээ санаж байна. Гэртээ харьяа гэж уйлахаас нь үнэндээ залахдаг байлаа. Охин ч гэсэн ээжийгээ санаж байгаа. Гэхдээ ээж нь бурхан болсон. Гэрийг нь буулгаад хүмүүс хуваагаад авчихсан. Харин хоёр охиныг авах хүн байхгүй учраас энд ирснээ тэр дүүгээсээ илүү сайн ухаарч байлаа. Охин хааяа цонхоор харж, аав, ээжтэйгээ яваа хүүхдүүдэд үхтлээ атаарахдаг байлаа. Ээж аавынхаа гараас чангаас чанга атгачихсан жаалуудыг хараад уйлмаар санагддаг ч дүү нь түүнийг бас л дагаад уйлах учраас уйлж чаддаггүй.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Д. Өлзийхутаг: Ухаарал
Оруулсан admin on 2018-01-31 18:48:16 (3367 уншсан)
Уулнаасаа өндөр улиас нь үгүй дээ
Учирсанаас илүү амраг нь ч үгүй дээ
Хаднаасаа өндөр хайлиас нь үгүй дээ
Ханилсанаас илүү амраг нь ч үгүй дээ
Монгол ардын дуу
Араншин нь олдохгүй хаврын тэнгэр өчигдөр жигтэйхан дулаахан налгар байсан бол өнөөдөр хүйтэн салхи цээж рүү нэвт үлээж. зүрх жиндээх шиг зэврүүн байлаа.Баттулга эхнэртэйгээ зэрэгцэн алхах хэдий ч хоорондоо нилээд зайтай явна. Гуч орчим жил ханилсан ханиасаа салах болоод гаргаж өгөхөөр вокзал явж буй нь энэ. Нүдний булангаар эхнэрээ харахад тамын хаалга татах гэж байгаа амьтан шиг хамаг сүнс сүлд нь юм явчихсан харагдана. Өрөвдмөөр ч юм шиг уйтгартай ч юм шиг. Эхнэр нь Баттулгыг залуухан хүүхэнд сэтгэлээ өгсөныг зөнгөөрөө мэдэрч орж ирэх болгонд нь улам царай алдах болжээ. Гэтэл саяхан гэртээ орж ирэхэд нь эхнэр нь хаалга онгойлгож өгөөд:
- Чамтай ярих нэг юм... гэж зөөлөн дуугарахад ” За, энэ нөгөө эмзэг сэдвээр ярих нь дээ. Уйлаад гуйгаад унавал яадаг юм билээ гэсэн шүү юм бодтол эхнэр нь нэг их урт санаа алдаад:
- Би чамайг муу нөхөр байсан гэж хэлэхгүй. Архи ууж агсам согтуу тавдиггүй. Тамхи татаж өөрийгөө ч, бусдыг ч хордуулдаггүй элдэв ааш араншин байхгүй, ийм сайхан хүнийг бурхан надад өгсөөн гэж баярлаж бахархаж явсан. Чи эхний үедээ ”ажилтай байгаад ирж хонож чадсангүй гэж хэлэхдээ айсан ичсэн гэмшсэн шинжтэй харагдаж байсан.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: М.Цэемаа: Намар хаашаа...
Оруулсан admin on 2018-01-31 18:44:12 (3540 уншсан)
Намар оройн жихүүн салхи сүнгэнэтэл үлээж яндан хонгиноод дээвэр цаваг хөвхөлзөж тэртээ холоос мөөрөх сарман үнээний дуу салхинд туугдан тасалдаж сонсогдоно. Дан дээвэртэй зуны гэрийн эсгий дээврийг хөвхөлзүүлэн хаяа хамраар хүйтэн сэнгэнэж гардаа гэртгүй шуухитнаж хүн бүл муутайдаа яарч санганасан хүмүүс дуугарах ч сөхөөгүй өөр өөрийн ажилдаа түүртэн тун чиг завгүй. Гэрийн баруун хаяанд хэвтэж асан банхар босон эвхсэн биеэ тэнийлгэн суниаж амаа томоос том ангайлган эвшээх мэт аягласнаа хэл амаа долоолж ийш тийш харснаа сүүл өргөн чимээлсээр хотны баруун урд руу давхиж одов. Бүгд л жихүүцэж ядаж байхад халтар банхар л нэвсийж ноолорсон амьтан хонгор шар цавь хондлой гарган сүржигнээд давхин одохыг харвал түүн шиг “халуун” амьтан энэ хотонд лав алга шиг.
Гар угаагуурын данхаа цоргон дээрээс нь татан өөртөө ойртуулаад тонгойлгон гарын алгаа норгож зүүн багананаасаа уясан эрээн дээсээ эрчлэн алгадаж суугаа Жамаа уртаар санаа алдан тооно өөдөө харснаа ...хай хөөрхий энэ жил ч эрт цас дарж мэдэх л дэг ээ. Муу сайн тугалын ногт гэж авах юм алга шил хамардайгаараа тасарч ногт ч биш хүзүүвч ч биш юм болцгоожээ ер. Зунжингаа л хөөрхийсийг гуд саахаа л мэдэхээс омруу хүзүү нь тасархайтаж цахлайтаад яршиж байгааг нь мэдэх хүн ч алга. Хэдэн хөсрий догь толгойтой үнээнүүд чинь хээр хоноод ирэхээ болив гэж.Бөмбөг муу лүд л үхэр дагуулж хээр хонож байгаа юм хэмээн ганцаараа үнээнүүдээ хүнчлэн ярьсаар хийж тавьсан цайгаа зэлгээнштэл эргэнэг зуух хоёрынхоо завсар бөндөгнөнө.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Цэемаа М )
|
|
Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : Эмээ
Оруулсан admin on 2018-01-31 18:38:35 (4123 уншсан)
Нүдний хараа гүйцэмгүй алсран цэлийх, тэнгэр газрын хаяа нийлсэн уулзвар, нарны буурал тоосонд халиуран сүүмийнэ. Хэлбэр хийцгүй нөмгөн зэрэглээ өөд уруугүй сайварлах вандан шаргал талыг хөндлөн зурж дурайсан иржгэр дэржгэр ховилтой хуучин замаар тоосон хөшиг татан хурдлах хэдэн залуусын унасан унаа огло огло харайн, тэр тоолон чих дөжрөм дуу газар тэнгэрийг нижигнүүлэн бүрээдэж, тал нутгийн хотгор гүдгэрт өчүүхэн сааталгүй нисч буун, нисч буун давхилдана. Эдгээр мотоциклчдийн тэргүүнд тод шаргал өмд цамцтай өндөр гуалаг залуу ардаа яваа бусдыгаа эргэн харах мөчид огцом эргэлттэй ховилтой зам дээр нисээд явчихлаа.
Гэтэл яг ард нь явсан мотоцикль түрүүчийн залуугийн тоосонд нь орж, юу болсноо ч мэдэх сөхөөгүй мөн л араас нь үсэрчихэв.
Ийнхүү огцом эргэлттэй, өндөр жалганд эхний хоёр нөхөр дээр дээрээсээ нисч, ар араасаа унахыг нь ард нь явсан бусад залуус хараад, өөрийн мэдэлгүй зүрх алдан, хурд хасч, бие биенээ хүлээн зогсов.
-Цаад хоёр чинь юу болчихов оо. Амьд уу гэж хашгиралдсаар бусад нь ч цуглав.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын )
|
|
Өгүүллэг: С. Баттулга: Нэг л удаа
Оруулсан admin on 2018-01-31 17:53:18 (3149 уншсан)
Одод түгсэн шөнийн цэлмэг тэнгэрт мандсан арван тавны бидэрт цоохор саран бид хоёрын яриаг сэмээрхэн сонсох гэсэн мэт дээр мэлтийх бөгөөд бидний толгойн тус газарт нутгынхны “хувилгаан хад” гэж нэрлэдэг хүн чулуу сүүхийнэ.
Энэхүү хувилгаан хадны тухай домогт эрт цагт бидний адил эгэл жирийн усан нүдтэй, цусан зүрхтэй нэгэн байсан ч багадаа Энэтхэг, Төвдөд очиж их эрдэм ном сурсанаар хувилгаан шидийг олсон гэдэг. Тэгж яваад хичнээн удсан юм бүү мэд олон жилийн дараа нутагтаа ирэхэд эцэг эх нь тэнгэрт хальж, түүнийг гэх элгэн садан нутагт нь үгүй болсон байсанд гутрахдаа хээр талд хүн чулуу болъё гэж шийдээд энэ довцог толгойн орой дээр хүн чулуу болж хувилсан гэлцдэг. Тэр цагаас хойш нутгийн олон хувилгаан хад хэмээн сүсэглэж, хүсэл бүхнээ хэлж даатгах болсон билээ.
Мөнхөө бид хоёр өнгөрснийг эргэцүүлэн хэсэг зуур чимээгүй хэвтлээ. Өчигдөр үдэш Мөнхөө надад хоёулаа багынхаа дурсамжийг сэргээж адуу манаж хонох уу? гэснээр бид хоёр адууны манаанд гарсан нь энэ. Чоно нохой ч ховордсон болохоор манай нутгийнхан адуугаа манахаа больсон ажээ.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Цэндийн Доржготов: Амьтан
Оруулсан admin on 2018-01-31 17:42:42 (2805 уншсан)
Эврийн ор ч үгүй хоёр хуц мөргөлдөж байна. Даргар эвэртэй хуцны мөргөлдөөнөөс мухар хуцны түншилдээн сонин. Омог хилэн мэт зангирч. мушгирсан аварга хос эврүүд нь хоорондоо гал манартал тархийх нь цаагуураа хуцны духыг хамгаалж байна гэсэн сэжиг төрүүлдэг. Эвэр хэмээгч бие хамгаалагчтай төрсөн дух азтай дух ... Эвэртэй эвэргүй хоёр хуцны мөргөлдөөн бол бүр ч шударга бус тэмцээн. Харин хоёр мухар хуцны зодоон өөр хэрэг.
Ямар ч хамгаалалт, жийргэвчгүй, хоёр гөлөөн дух тасхийн тулахад харсан хүний магнай өвддөг. Энэ нь маш сонин байгаа юм. Жар далан килограммын жинтэй хоёр мундаг түнжин хуц хойш ухран ухарсаар гэнэт өөд өөдөөсөө хар хурдаараа цойлон нисэж: лут том биеийнхээ бүх жингээр ясан гавлаараа яг буухад хоёр сайхан эцэг малын толгой заадсаараа зад үсрэв үү? гэлтэй агаад хиншүү үнэртэх шиг болно. Тэд хоёул балартсан шар нүдээ эргэлдүүлж, хэсэг зуур салганан, ийш тийш дэмий тэнэснээ сая дөнгөж өөрийн ухаан орж, сэхмэгц, уур хорсолдоо түрүүчийнхээсээ хол ухарна. Холхон айлын хэрий зай аваад, сэрвээ цээж түхийлгэсэн хоёр том цагаан сум чавхдан цахилсаар лүгхийхэд хоёулангийнх нь нус суга үсрэв.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Г. Нямдорж: Өнчин хүний хоолой
Оруулсан admin on 2018-01-30 21:39:45 (5083 уншсан)
"Ж.Тэгшзаяа. Орчуулагч, кино сонирхогч"-ийн блогоос авав
Арван тав орчим насны зэрэмгэр цагаан охин үерийн усны сувган дээр тавьсан дашинганы дэргэд зогсоод дуу дуулна. Хүн зөөврийн тэрэгнээс буусан наймаачид тэр дашинган дээгүүр гарч барааны зах руу одох тул уг газар нэн хөлтэй. Олны хөлийн тоосонд дарагдсан царайг нь шонхрын харц мэт зоримог хар нүд нь чимнэ. Зовлон үзсэн хүн бол тэр хар нүдний цаана гунигийн толбо шувууны сүүдэр мэт бөртийн буйг ялгаж болохоор оо!
Гэвч энэ бөртгөр сүүдэр түүний нүүрний гал, нүдний цогийг далдалж үл чадах бөлгөө.
Охины хувцас муу боловч хаа очиж тун цэвэрхэн. Гутал гэхэд л шагай нь цоорсон дотоод бүүрх хэдий ч нүүр харагдтал арчжээ. Тэр гутлын дэргэд амыг нь дэлгэсэн даавуу үүргэвч хэвтэнэ. Үүргэвчний ёроолд гуравт, тавтын дэвсгэрт голдуу хэдэн төгрөг олны хөлийн салхинаа голио адил хөдөлнө.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Кавабата Ясүнари: Канар бялзуухай
Оруулсан admin on 2018-01-30 21:06:58 (3192 уншсан)
Эзэгтэй, би танд амласнаа зөрчиж дахин нэг захидал илгээхээс аргагүй боллоо.
Ноднин таны бэлэглэсэн канар бялзуухайг би тэжээж чадахгүйд хүрлээ. Тэр бялзуухайг эхнэр минь тэжээж байсан юм. Би зөвхөн харах л үүрэгтэй байлаа. Хараад таныг дурсан санах л -----.
э хоёр канар бялзуухай эхнэр нөхөр хоёр юм шүү дээ. Гэхдээ хаанахын ч юм шувууны дэлгүүр эм, эр бялзуухайг хаа нэгтэйгээс барьж ирээд зүгээр л хамт торонд хийчихсэн юм. Бялзуухайнууд юугаа мэдэх билээ. Юутай ч эднийг харан намайг дурсан санаарай. Амьд амьтан бэлгэнд өгөх хачин байх л даа. Гэвч бидний дурсамж ч амьд сэрүүн байгаа шүү дээ. Энэ бялзуухайнууд хэзээ нэгэн цагт үхэх биз ээ. Бид хоёрын дундах бидний дурсамж ч гэсэн мөхөх хэрэгтэй цаг нь ирэх аваас мөхүүлэн төгсгөл болгоё доо” гэж.
Одоо тэрхүү бялзуухайнууд маань үхлийн ирмэгт тулаад байна. Тэжээх хүн байхгүй болсон юм. Ядуу тарчиг, болхи зураач би энэ турьхан жижиг шувуудыг яахин тэжээж чадах билээ. Танд шулуухан хэлье. Бялзуухайг харж асарч байсан эхнэр минь нас барсан юм. Эхнэр нас барахад бялзуухайнууд хүртэл үхэхэд хүрэх гэж дээ. Бодоод үзвэл эзэгтэй, таны тухай дурсамжийг надад хадгалж үлдээж өгсөн маань эхнэр минь байсан юм уу даа.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: А. Эрдэнэ-Очир: Голын тохой дээр
Оруулсан admin on 2018-01-30 19:15:26 (3132 уншсан)
Яруу найрагч А.Эрдэнэ-Очир энэ шүлгээ хайртай бүсгүйдээ зориулж нэрнийх нь үсгийн дагуу шүлгийнхээ эхний мөрнүүдийг бичсэн юм гэнэ лээ. Гантигмаа гэж. Нэвтрүүлэгч Гантигмаа шүү дээ...
Голын тохой дээр
Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг миньА
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 133 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|